Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явцын талаар Ажлын хэсгийн дарга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат, дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Зээлийн нөхцөлийн талаар зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа нь 5 хүртэл жил байна. Хүүгийн хэмжээ жилийн 9-өөс илүүгүй хувьтай байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх юм.
Нийт 1151 төсөл ирснээс импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл шалгараад байгаа. Эдгээр төслүүдийн мэдээллийг Хөгжлийн банкны сайтад тавьсан бөгөөд төсөл санаачлагчид өөрийн харилцдаг арилжааны банкинд хандах учиртай, банк судалгаагаа хийж санхүүжүүлэх эсэхээ шийдвэрлэнэ гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат хэллээ.
Эдгээр төслүүдийг 44 бүлэгт болгон нарийвчилсан судалгааг ажлын хэсэг үргэлжлүүлэн хийж байна гэж Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.