
Захирамжийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэн М.Дамдинхүүгийн гахайн аж ахуйд гарсан гахайн үржил, амьсгалын хам шинж өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо. Гарсан өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 30 538 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.
Иргэн М.Дамдинхүүгийн гахайны ферм нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулаагүйгээс өвчин гарсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.