Серена, Ли На нар шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Серена, Ли На нар шигшээд шалгарлаа

5,4 сая ам.долларын шагналын сантай Sony Open тэмцээний шигшээд тэмцээнийг тэргүүлэн тоглосон АНУ-ын Серена Уильямс, БНХАУ-ын Ли На(2) нар шалгарлаа.

Энэ сарын 17-нд АНУ-ын Миамид эхэлсэн Sony Open тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд АНУ-ын Серена Уильямс ОХУ-ын Мария Шараповаг 6:4, 6:3, БНХАУ-ын Ли На Словакийн Доминика Цибулкова 7:2, 2:6, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

Хагас шигшээ тоглолтоос өнгөрсөн жилийн тус тэмцээний шигшээд шалгарч байсан Серена Уильямс, Мария Шарапова нарын тоглолт олны анхааралд байсан. Пүрэв гаригийн шөнө /03.27/ болсон тус тоглолтод дэлхийн манлай теннисчин хоёр үеийн турш 6:4, 6:3-ийн харьцаагаар илүүрхсэнээр шигшээд шалгарсан. Шарапова эхний сетийг 4:1-ээр илүүрхэж байсан ч Серена дараалсан 5 сэтийг өөрийн болгосноор 6:4-өөр ялалт байгуулсан. Удаах сетед Серена бага алдаа гаргаж 6:3-аар илүүрхэж, Миамигийн тэмцээний ес дэх финалдаа шалгарч байна.

Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааг тэргүүлж буй АНУ-ын Серена Уильямс сүүлийн 15 тоглолтод Мария Шараповаг буулган аваад байна. 2004 оны WTA Tour Championships шигшээд Шараповад ялагдаж байсан Серена Уильямс түүнээс хойш дараалан 15 ялалтыг авчээ.

Дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямсийн хувьд Миамигийн тэмцээнд хамгийн олон удаа буюу зургаан удаа /2002, 03, 04, 07, 08, 13/ түрүүлсэн амжилттай. Мөн тэрээр тус тэмцээний финалд хамгийн олон удаа буюу есөн удаа шалгарсан амжилтаараа тэргүүлж байна.

Тэмцээнд дөрөвт эрэмбэтэй тоглосон ОХУ-ын Мария Шараповагийн хувьд тус
тэмцээний шигшээд таван удаа шалгарч байжээ. Тэрээр сүүлийн гурван жил
дараалан шигшээд шалгарахдаа АНУ-ын Серена Уильямс(2013), Польшийн
Агнешка Радваньска(2012), Беларусын Виктория Азаренка(2011) нарт ялагдаж
байсан байна.

Дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс Sony Open тэмцээний шигшээд ес дэх удаагаа шалгарлаа.

5,4 сая ам.долларын шагналын сантай Sony Open тэмцээний аварга 719 мянган ам.доллар, чансааны 1000 оноо, дэд аварга 350 мянган ам.долларын мөнгөн шагнал, 600 оноо хүртэх аж. Мөн хагас шигшээд шалгарсан теннисчид 175 мянган ам.доллар хүртэж, чансааны 360 оноо авч байна. Зөвхөн тэмцээний эхний тойргийн давсан теннисчид найман мянган ам.долларын шагнал хүртжээ.

Харин тэмцээний хосын төрлийн аваргууд 235 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртэх аж.


Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж