УИХ-ын дарга Өвөрхангай аймгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Өвөрхангай аймгийг зорилоо

УИХ-ын дарга З.Энхболд гуравдугаар сарын 28-31-нд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос мордсон байна. Орон нутаг дахь томилолтоо Арвайхээр дэх “Альпин” ямааны фермийн үйл ажиллагаатай танилцахаас эхлэх аж. Малын ашиг шимийг сайжруулахын тулд сүүний чиглэлийн 202 ямааг Франц улсын Альпийн нуруунаас өнгөрсөн оны зургадугаар сард авчирч, Өвөрхангай аймагт нутагшуулж эхэлсэн юм. “Альпин” үүлдрийн эдгээр ямаа нь үнээнээс 1.5 дахин их сүү өгдөг, мөн 5-6 дахин бага тэжээл хэрэглэдгээрээ давуу талтай. Үр хөврөлийн аргаар жилд хоёр удаа ишиглэж 6-7 ишиг гаргах боломжтой. Амьдын жин нь 60-65 кг, жилдээ 3.5 хувийн тослогтой 1000 л сүү өгөх боломжтой нь эдийн засгийн ач холбогдлоороо өндөр тусахаар байгаа. Тиймээс дээрх үүлдрийн ямааг Францаас авчирч нутагшуулах ажлыг УИХ-ын дарга гардсан юм. Харин одоо үр дүнг нь харахаар явж байгаа нь энэ аж.

Дараа нь УИХ-ын дарга Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад ажиллан дээрх хоёр суманд хэрэгжүүлэх “Шинэ сумын төв” төсөл, Баянхонгор аймгийн оношилгооны төвийн нээлтэд оролцох юм байна.

УИХ-ын даргыг дагалдан, УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллахаар морджээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж