Юнеско-гийн шагналыг монгол эмэгтэй дахин гардлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Юнеско-гийн шагналыг монгол эмэгтэй дахин гардлаа

Монгол Улсаас Булган аймгийн Могд сумын иргэн, улсад 34 жил буюу уугуул аймагтаа 14 жил бага ангийн багшаар, өнөөг хүртэл амьдралынхаа сүүлийн 20 жилийг мөн л төрсөн нутагтаа Боловсролын газрын Бага боловсролын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнгээр ажиллаж буй Цэнд-Аюуш овогтой Уранцэцэг “Эрүүл,аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан “Ази Номхон далайн кино/ өгүүллийн уралдаан”-д шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ын эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагналтан боллоо.

Шагнал болон сертификат гардуулах арга хэмжээ өчигдөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын байранд болсон бөгөөд ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас хүрэлцэн ирсэн Боловсролын бодлого, шинэчлэлийн багийн ажилтан, хатагтай Барбара Трзмиэл шагнал, сертификатыг  Ц.Уранцэцэгт гардуулав.

ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институт хамтран Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн Яамны дэмжлэгтэйгээр Ази Номхон далайн бүсийн багш , оюутан залуучуудын дунд “Ази Номхон далайн бүс нутгийн кино, өгүүллийн уралдаан”-ыг 2013 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд зохион байгуулсан байна.

19 улсаас нийт 198 материал хүлээн авсан гэнэ.Ийнхүү Монгол Улсаас Цэнд-Аюуш овогтой Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ В ангиллын ялагч болж сертификат, электрон ном уншигчын эзэн болсон нь манай улсаас дахин нэг өөр эмэгтэй ЮНЕСКО-гийн шагналыг хүртсэн үйл явдал болж байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсаас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, их эмч Д. Энхмаа “Жирэмсэн үеийн манас таталт” судалгааны ажлаар 2012 оны “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай шагналын эзэн болж 40000 америк долларын тэтгэлгийг хүртэж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж