Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Рекламгүй тэрбумтан

Zara брэндийг үндэслэгч Амансио Ортега олны анхаарлын төвд байх дургүй нэгэн. Хэдийгээр түүний галзуу загварлаг брэндийн тухай хүн болгон ярьж, түүний амжилтын нууцаас ам алдуулах гэсэн сурвалжлагчид хөлөө хугартал хөөцөлддөг ч Ортега маш цөөхөн удаа ярилцлага өгч байжээ. Тэрбээр загварын ертөнцөд энгийн үзэгдэл болсон гял цал үдэшлэг, ёслолын ажиллагаанд ч оролцдоггүй, бас зураг авахуулахыг ч зөвшөөрдөггүй хүн аж. Нэг үгээр бол Амансио Ортега ямар ч рекламгүй хүн билээ. Бизнесмен хүний хувьд рекламгүйгээр хол явахгүй орчин үеийн ертөнц шүү дээ. Гэвч Амансио Ортегад энэ гөжүүд гэмээр зан нь сая саяар ашиг олж, тэрбумтан болоход огтхон ч саад болоогүй юм. 2013 онд “Forbes” сэтгүүлийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Амансиа Ортега 64 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр гуравдугаарт бичигдсэн юм. Тэр бол та бидний төсөөлж ч чадахгүй тийм л баян хүн. Хамгийн хачирхалтай нь Америкийн бизнесийн магнат, тэрбумтан Уоррен Баффетыг ардаа орхисон Амансио Ортега энгийн цагаан срочконоосоо салдаггүй гэсэн яриа бий. Харин түүний Zara брэнд хурдан хэмнэлт орчин үеийн загварын ертөнцийг тодорхойлж байгаа гэхэд хилсдэхгүй.

Ортегагийн ноорхой, ядуу оёдолчноос тэрбумтан болсон түүх  Испанийн Галисия хэмээх мужид эхэлсэн юм.  Төмөр замчны хүү Ортега 14 настайдаа гэр бүлдээ нэмэр болохоор хотынхоо оёдолчны дэлгүүрт туслахаар ажилд оржээ. “Gala” нэртэй оёдолчны дэлгүүрийн эзэн хоёрдугаар давхартаа цамц оёж, нэгдүгээр давхартаа зардаг байв. 1975 онд Ортега тэндээс хоёр хорооллын зайтай А Коруна дүүрэгт бэлэн хувцасны дэлгүүрээ нээсэн юм. Өнөө цагийн загварын хамгийн том үйлдвэр “Inditex”-ийн түүх ингэж эхэлсэн билээ. Ортега дэлгүүрээ 1964 оны “Zorba the Greek.” хэмээх киноноос санаа авч “Zorba” гэж нэрлэсэн боловч хотод “Zorba” хэмээх ижил нэртэй баар нээгджээ. Баарны эзэн нэгэн удаа Ортегатай уулзаж, ижил нэртэй хоёр компани нэг дор байх нь үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлж байна гээд дэлгүүрийнхээ нэрийг өөрчлөхийг хүсчээ. Ортега ч удаж төдөлгүй дэлгүүрээ “Zara” болгон өөрчилжээ.
Дэлгүүрийн үйл ажиллагаа ч өргөжиж, Ортега 1985 онд “Inditex” компаниа байгуулсан юм. Ортега бэлэн хувцасны үйлдвэрээ Испанид төвлөрүүлж байв. Түүний бизнес эхнээсээ л улиг болсон заг­ва­руудаас ялгарч байжээ. “Inditex” Испанид боловс­руул­сан барууны маягийн донж, стильтэй бэлэн хувцасны загваруудыг Хятад, Энэтхэг зэрэг хамгийн хямд ажиллах хүчинтэй үйлдвэрүүд рүү илгээж , тэндээс орчин үеийн стиллэг хүмүү­­сийн “taste”-д нийцсэн галзуу загварлаг, хамгийн шинэлэг стилийн бэлэн хувцаснуудыг барууны томоохон хотууд дахь нэрийн дэлгүүрүүдэд хавар, намар бөөн бөөнөөр нь илгээж байв. Харин энэ хооронд нэрийн дэлгүүрүүдийг жилийн турш шинэ загварын бараагаар хангаж байлаа. “Inditex”-ийн аль нэг брэнд хавар, намрын шинэ цуглуулга гаргахдаа нэрийн дэлгүүртээ загвар бүрээс ердөө гурав эсвэл дөрвөн ширхэгийг л илгээдэг аж. Хэрэв эрэлт их байвал дэлгүүрийн менежерүүд тухайн өдөр үйлчлүүлэгчийн хүссэн өнгө, загварын талаар үйлдвэрт мэдээлэл хүргэж, маневр хурдан хийдэг аж. “Inditex”-ийн амжилтын нууц нь энэ ч байж болох юм. Тэд үйлчлүүлэгчийн гомдол саналыг онцгой анхаардаг. Хэрэв үйлчлүүлэгч матмал захтайг сонирхож байна гэх юмуу хажуудаа цахилгаантайд дургүй гэх зүйл хэлвэл энэ мэдээлэл үйлдвэрт дизайнеруудын чихэнд шууд хүрдэг. Дэлгүүрийн менежерүүд өдөр бүр төв үйлдвэрийн дизайнерын багийнханд үйлчлүүлэгч юуг сонирхсон болон юу таалагдаагүй талаарх мэдээллийг хүргэдэг. Ингэснээр дизайнерууд тренд загварыг төвөггүй гаргаж чаддаг байна. “Inditex”-ийн гол үйлдвэрүүд Испанид төвлөрдөг бол гадаад дахь үйлдвэрлэл нь Португали, Марокко, Туркт өргөжиж байна. Харин бэлэн хувцасны үйлдвэр­лэлийн үлд­сэн хэсэг нь хямд ажиллах хүчний эх үүсвэр болсон Хятад, Бангладеш, Вьетнам, Бразиль болон өөр бусад орнуудад бий.  “Inditex”-ийн үйлдвэрүүдээс бэлэн хувцас ердөө хоёроос гуравхан долоо хоногийн дотор гардаг. “Zara”-гийн бараа хамгийн шинэлэг байдаг нь ердөө энэ. Хямд ажиллах хүч- гайхалтай хөрвөх чадвар-хурдан маневр. “Inditex”-ийн сүлжээ дэлгүүрүүд юуг амладаг вэ гэвэл онцгой ховор загвар. Үнэндээ Лондон дахь “Inditex”-ийн дэлгүүрт шууран зарагдаж буй бараа Токио, Сан-Паологийн үйлчлүүлэгчдийн хувьд ч тренд. Учир нь “Inditex” дэлхийн өнцөг булан бүр дэх хэдэн зуун дэлгүүрүүдээр долоо хоногт хоёр удаа шинэ бараа илгээдэг.

Лондоны загварын сэтгүүл “Tank”-ийн эрхлэгч “Inditex” үйлчлүүлэгчийн сонирхол, аашийг хэрхэн өөрчилж байгаа талаар  “Аравдугаар сард гарсан ”Gucci” эсвэл “Chanel”-ийн шинэ барааг хоёрдугаар сард ч дэлгүүрийн лангуун дээр байж л байдаг.  Харин “Zara”-гийн шинэ цамцыг өнөөдөр нь авахгүй бол 10 хоногийн дараа огт өөр шинэ бараа ирнэ. Тиймээс л “Zara”-г тэр үед нь л авахгүй бол хэзээ ч авч чадахгүй. Яагаад гэвэл “Zara” үргэлж шинэлэг бас хямд байдаг.” гэсэн юм.  Бас Кэйт Миддлтон шиг алдартнууд “Zara”-гаар гоёх болсон нь “Zara” шиг “Fast fashion” загварууд сүүлийн жилүүдэд өндрөө авахад нөлөөлсөн. Хачирхалтай нь “Inditex” рекламд мөнгө зарцуулдаггүй. Ер нь энэ компанид маркетингийн алба ч бараг байхгүй гэхэд болно. Өрсөлдөгчид шигээ кампанит ажилд сая саяыг хаядаггүй. Дээр нь бусад загварын компаниуд шиг нэртэй загвар зохион бүтээгч Стелла МакКартни, Карл Лагерфельд, Мартин Маргиела, Марни нарыг хөлслөх гэж улайрдаггүй. “Zara”-гийн дизайнерууд үргэлж нэргүй байдаг. Энэ нууцлаг байдал нь тэднийг загвар хуулагчид гэж хэлүүлэхэд хүргэсэн байж ч мэднэ. Харин “Inditex”-ийн маркетингийн алба хамгийн сайн байрлалтай үл хөдлөх хөрөнгийн араас ангуучилдаг. Эртний онцгой барилгад дуртай компани ч үүнд багагүй хөрөнгө хаядаг аж. 2003 онд “Inditex” Испанид 18-р зууны үеийн түүхэн дурсгалт кино театрыг худалдан авч “Zara”-гийн дэлгүүрээ нээсэн билээ. Саяхан бас Нью Йоркийн 666 Fifth Avenue-д хамгийн үнэтэй худалдаа хийгдэж байснаараа алдартай барилгыг худалдаж авсан нь санамсаргүй зүйл биш юм.

“Inditex” жилд 840 сая бэлэн хувцас үйлдвэрлэж, дэлхийн 85 орны 6,249 нэрийн дэлгүүртээ худалдаалж байна. Гэвч “Inditex” нэг жилд л 500 дэлгүүр нээж байгаа учраас энэ тоо байнга өөрчлөгддөг. Европт 4,400 дэлгүүр байдгаас зөвхөн Испанид л гэхэд нэрийн 2,000 дэлгүүр бий аж. “Inditex” өрсөлдөгчдөө хэдийн ардаа орхисон. “Topshop”-ийг эзэмшдэг “Arcadia Group” дэлхий даяар 3,000 гаруй дэлгүүртэй. Харин Шведэд төвтэй “H&M” ердөө 2,500 дэлгүүртэй бол Испанийн “Mango” 2,400 дэлгүүртэй аж. 2008 оны санхүүгийн хямралаас гараагүй Испани үл хөдлөх хөрөнгө болон өрийн хямралд гүнзгий өртсөн нь ч “Inditex”-ийн нийт худалдаа сүүлийн жилүүдэд нэмэгдэхэд саад болоогүй. 2007 онд 80,000 ажилтантай байсан тус компани 2012 онд 120,000 болсон тоо байдаг.

Өдгөө 78 настай Амансио Ортега 2011 онд “Inditex”-ийн захирлын суудлаа компанийн дэд ерөнхийлөгч Пабло Ислад хүлээлгэн өгч, тэтгэвэртээ суусан юм. Ортега компанийн эрх мэдлийг шилжүүлсэн ч “Inditex”-ийн хувьцааны 59.3 хувийн эзэмшигч хэвээр үлдсэн юм. Ортега хоёр удаа гэрлэсэн бөгөөд хоёр дахь эхнэрийнхээ охин Марта Ортегаг өв залгамжлагчаа болгосон юм.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №054

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж