
Английн “Бийкон” компаниас жил бүр зохион байгуулдаг “Уул уурхай ба мөнгө” олон улсын чуулга уулзалт энэ сарын 24-ний өдөр Хонконгт эхэлжээ. Энэ чуулга уулзалтад дэлхийн болон бүс нутгийн хэмжээний уул уурхайн компаниуд, шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа уул уурхайн зах зээлийн шинэ тоглогчид, бизнес санхүүгийн өргөн төлөөлөл оролцож байна. Уул уурхайн нөөц боломжоороо ирээдүйтэй зах зээлд тооцогддог Монгол Улсаас энэ чуулга уулзалтад төмрийн хүдрийн хайгуулын “Харанга ресурс”, “Вүүлф петролиум”, “Өндөр толгой минералс”, “Шарын гол” ХХК, “Хот-Дэд бүтэц”, “Aspire mining”, “Эрдэнэ ресурс”, “Номин–Орд” зэрэг уул уурхайн компаниуд оролцож хайгуулын үр дүн, тогтоогдсон нөөц, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ танилцуулж байлаа.
Монголын төлөөлөгчдийг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган тэргүүлж байгаа. Тэрээр манай эрдэс баялгийн гол нэр төрлүүдийн тогтоогдсон нөөц, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг санхүүчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж Монголд хөрөнгө оруулахыг уриалжээ.
О.САР