Хятадын бизнес эрхлэгчид зовлонгоо тоочив

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Хятадын бизнес эрхлэгчид зовлонгоо тоочив

-Монгол, Хятадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт боллоо-

Монгол, Хятадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан уг чуулга уулзалтад нийт 120 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд Монголын хөрөнгө оруулалтын орчин, талууд хамтран ажиллаж бизнес эрхлэх нөөц боломжийн талаар ярилцлаа. Чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин маань тогтвортой, ойлгомжтой болсон нь Монголд хөрөнгө оруулахад төвөгтэй, хүнд сурталтай байдлыг багасгаж чадсан” гэж хэлээд гадны хөрөнгө оруулагчдыг Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай холбогдон бүх үйлчилгээг нэг цэгээс авах боломжтойг онцолсон.

Уулзалтын үеэр Хятадын төлөөлөгчид Монголын хөрөнгө оруулалтын орчин сайн болж шинэчлэгдэж чадсаныг дурдаад, гагцхүү энэ нь шинэ хөрөнгө оруулагчдад илүү боломж олгосон, БНХАУ-ын хуучин түнш нарыг дэмжих  асуудал орхигдсон хэмээн хэлж байсан юм. Түүнчлэн Хятадын ажиллах хүчний квотын асуудалд болон монголчуудтай хамтран бизнес явуулах гэхээр газрын маргаан их гардгийг учирлаад Монголын төр засаг эдгээр асуудалд уян хатан хандах боломж бий эсэх талаар лавлаж байсан.

 Харин Монголын хувьд, нүүрс экспортын хэмжээ, үнийг нэмэх шаардлагатай байгаа үүн дээр БНХАУ-тай тохиролцох шаардлагатай байгаа. Энэ тал дээр Хятадын хөрөнгө оруулагчид “Манай нүүрсний зах зээл хумигдаж, импортын хэмжээгээ бууруулаагүй. Монголын хувьд нүүрсний өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, ялангуяа нүүрснийхээ чанарыг дээшлүүлвэл хамтарч ажиллахдаа бэлэн байдаг” гэж хэлсэн юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж