Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгана

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгана

Монгол эмч нар бие дааж эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх боломжтой болжээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, БНСУ-ын АСА анагаах ухааны төв хамтран Л.Бүжинлхам хэмээх охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болсон байна. Энэ нь Монголд энэ төрлийн мэс засал хийж буй хоёр дахь тохиолдол болох юм.

Гурван настай Л.Бүжинлхам охин төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдоод хоёр сар 12 хоногтой байхдаа ЭХЭМҮТ-д мэс ажилбар хийлгэжээ. Түүнээс хойш элэг нь хатуурч, элэгний цирроз үүссэн ба энэ хугацаанд зургаан удаа ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт элэгний дутмагшил, цус алдалт, амьсгалын эрхтний халдвар зэрэг өвчний улмаас хэвтэж эмчлүүлж байжээ. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, нэн даруй хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа аж. Энэ төрлийн хагалгаа хийлгэсний дараа гарах хүндрэл нь их боловч  хагалгаанд орсны дараа бүрэн төгс эдгэрдэг гэж эмч мэргэжилтнүүд хэлж байлаа. Охины элэгний донор  болох  ээж Б.Оюунханд нь элэгнийхээ зүүн хэсгийг шилжүүлэн суулгахаар болсон аж. Тус хагалгааны өртөг нь 50 сая төгрөг бөгөөд охины ээж Б.Оюунханд "Элэг нэгт ахан дүүс та бүхэн өөдөсхөн охинд минь амьдрал хэмээх айлд орох боломжийг олгож туслаач" хэмээсэн юм.

Л.Бүжинлхам охинд туслахыг хүсвэл Хаан банк: 5026923489, Төрийн банк: 10500020540 тоот дансаар хандив өргөж болох юм байна.

Э.АРИУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж