“Лейкерс” 4-0-ээр “шүүрдүүлэв”

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

“Лейкерс” 4-0-ээр “шүүрдүүлэв”

NBA-ын домогт дасгалжуулагч Фил Жэксон дэлхийн хамгийн хүчирхэг лигт өнгөрүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд плей-оффын олон арван цувралыг үдсэн нэгэн. Тэрбээр урьдын л адил бусадтай гар барьж, инээмсэглэсээр ордныг орхиж буй нь харагдлаа. Гэхдээ энэ удаад баг нь ялагдаж, зүгээр ч нэг ялагдал бус спортынхны нэрлэж заншсанаар 4-0 харьцаатай “Даллас Маверикс”-т “шүүрдүүлснээр” цувралаа дуусгаж байгаа юм. Түүнчлэн зодог тайлах шийдвэр гаргасан Фил Жэксоны хувьд дасгалжуулагчийн замналынхаа сүүлийн жилд дахин түрүү авч, сүүлийн гурван жил дараалан аваргын цом хүртэх мөрөөдөл нь талаар болсон юм. Талбайдаа хийсэн эхний хоёр тоглолт, дараа нь “Даллас”-ын талбайд ялагдал хүлээсэн “ЛА Лейкерс”-ийн эсрэг түүх “зогсч байсан”. NBA-ын түүхэнд 3-0-ээр хожигдож яваад дараалан дөрөв хожсон тохиолдол үгүй. Тиймдээ ч “Лейкерс”-ийн хувьд өрнөд бүсийн хагас шигшээгээс “амьд үлдэж”, бүсийн аваргын төлөө, цаашлаад NBA-ын аваргын төлөөх тоглолтод шалгарна гэдэг бэрх даваа байсан юм.

Өнөөдрийн тоглолтод “Даллас Маверикс” 122:86 харьцаатай илт давуу ялалт байгуулсан. Жейсон Терри багаа манлайлж, сэлгээнээс гарч тоглохдоо 25 минутыг талбайд өнгөрүүлж, 32 оноогоор багаа тэргүүлсэн байна.

“Даллас Маверикс” одоо өрнөд бүсийн аваргын төлөө “Оклахома Сити” болон “Мемфис Гриззлис”-ийн ялагчтай тоглоно. Хоёр багийн цувралыг “Мемфис” 2:1-ээр тэргүүлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж