Шилдэг тохижилттой байгууллагыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Шилдэг тохижилттой байгууллагыг шалгаруулна

“Нийслэлийн үйлчилгээний Улаанбаатар нэгдэл” ОНӨААТҮГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд  “Нийслэлийн үйлчилгээний Улаанбаатар нэгдэл” ОНӨААТҮГ-ийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, зүүн салбарын дарга Б.Ганзориг, баруун салбарын дарга Б.Нямсүх нар оролцсон юм.
Тус байгууллагаас “Хөгжлийн түлхэц-2014” шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагын шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдааны зорилго нь аж ахуйн нэгжүүдийн идэвхитэй оролцоонд тулгуурлаж, хамтын хүчээр нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгах, мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтооолыг Аж ахуйн нэгж байгууллагуудад мөрдүүлж хэвшүүлэхэд оршиж байгаа аж.

Уралдаан нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. “Хот сайхан бол-Сэтгэл сайхан” уриатай энэхүү уралдаанд дараах шалгуур тавьжээ. Үүнд

· Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг  тохижуулж, цэвэрлэгээг тогтмолжуулах
· Эзэмшил талбайдаа ногоон байгууламж  байгуулж, арчилгаа цэвэрлэгээ, усалгааг тогтмол хийж гүйцэтгэх
· Өвлийн улиралд байнгын хүн томилж, цас мөсийг тухай бүрт арилган хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах гэсэн шалгуурууд тавигдаж байна.

Үүргээ үлгэр жишээ биелүүлэн ажиллаж, шалгарсан байгууллагад 15 сая төгрөг цомын хамт гардуулах бол хоёрдугаар байрт 10 сая, гутгаар байрт таван сая төгрөгийн шагнал гардуулах ажээ. Уг уралдааныг анхлан зохион байгуулж буй бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулах гэнэ.

Шалгарсан байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах гэнэ. Оролцох аж ахуйн нэгжүүд онлайнаар болон төв байранд ирж бүртгүүлнэ.

 С.ӨЛЗИЙБАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж