Анхаарлын дундах “Ил тод уул уурхай”

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Анхаарлын дундах “Ил тод уул уурхай”

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр болж, уул уурхайн салбарын талаарх багц мэдээллийг өглөө. Өнөөдрийн хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг,  УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэ сарын тухайд бодлого, шийдвэр гаргах төвшинд онцгой өөрчлөлт гараагүй ч уул уурхайн салбарт өрнөсөн үйл явдлууд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тухайлбал, Дорнод аймаг дахь түүхий газрын тос олборлох Хятадын үйлдвэрт гал алдаж, олныг цочруулаад авсан, ОХУ-ын “Роснефть” компанийн ерөнхийлөгч Монголд ирж, газрын тосны бүтээгдэхүүнээ хоолойгоор нийлүүлэх саналаа илэрхийлсэн, анхны цайр, хар тугалгын баяжуулах үйлдвэр нээлтээ хийсэн зэрэг олны анхаарлыг татсан үйл явдал цөөнгүйг дурдаж болно. Гуравдугаар сард Монголын уул уурхайн салбарт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

“Роснефть”  бүтээгдэхүүнээ хоолойгоор нийлүүлэх санал тавив

Монголын эртний түнш “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин энэ сард Монголд ирж, газрын тосны бүтээгдэхүүнээ урт хугацаагаар тогтвортой үнээр  Монголд хоолойгоор нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Түүнчлэн Хөшигтийн хөндийд баригдах нисэх буудалд агуулах барьж онгоцны шатахуун нийлүүлэх, Монголд нефтийн хайгуулыг сайжруулахад хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийлээд амжсан юм. Сүүлийн үед транзит тээврийг хөгжүүлж, ашиг олох асуудлыг ихэд сонирхох болсон. Үүнтэй холбоотойгоор ОХУ–аас БНХАУ руу экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг Монголоор дайруулан тээвэрлэж байсныг дахин сэргээхэд анхаарах юм гэсэн. Харин манай талаас Асгатын мөнгөний ордыг ашиглан ОХУ, Монголын хамтарсан компани байгуулах, хувь нийлүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэс-МГЛ” ХХК-д нэгтгэн корпораци хэлбэрээр ажиллуулах санал тавьсан талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдрийн хурлаар онцолсон. Ингэснээр олон төрийн байгууллагуудыг  нэгтгэн корпораци хэлбэрээр ажиллуулж, засаглалыг сайжруулах ажлын эхлэх болох учиртай ажээ.

“Петрочайна Дачин Тамсаг” хэвийн ажиллаж байгаа гэв

Энэ сард олны анхааралд байсан үйл явдал бол мэдээж Дачин тамсагт гарсан гал байлаа. Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлодог “Петрочайна Дачин Тамсаг” компанид гал гарсны улмаас долоо хоног сул зогсолт хийж, эвдэрч сүйдсэн тоног төхөөрөмж, байгууламжийг засварласан юм. Тосон-Уул 19 дүгээр талбайд газрын тосны тээвэрлэлт хийж явсан найман машин галт өртөж, БНХАУ-ын хоёр мэргэжилтэн амь насаа алдаж, нэг иргэн хүнд бэртэн БНХАУ руу явсан. Засвар, үйлчилгээг БНХАУ-аас тус компанийн мэргэжилтнүүд ирж гүйцэтгээд, гуравдугаар сарын 18-наас олборлолт, экспортыг хийж эхэлсэн байна. Хамгийн гол нь гал юунаас болж гарсан нь тодорхой болоогүй, ойр орчмын байгаль сүйдээгүй гэсэн урьдчилсан таамаг өгсөн ч галын эцсийн дүгнэлт одоо болтол гараагүй байгаа юм. Энэ талаар  Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хурлын үеэр “Дачин тамсагийн гал бүрэн намжсан. Одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Галын дүгнэлтийг цагдаа, прокурор, онцгой байдлын албаныхан гаргана” гэсэн юм.

Дачин тамсагийнхан дэндүү эрх мэдэлтэй, гал гарсан байхад Онцгой байдлын албаныхныг галын ойр орчим руу, компани руу ойртуулахгүй байсан гэсэн. Энэ үнэн болов уу?” гэсэн сэтгүүлчдийн асуудалтад тэрбээр “Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнийг ойртуулаагүй асуудал байхгүй. Петрочайна Дачин тамсаг компани Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас манай хууль, дүрэмд захирагдах л ёстой” гэх хариулт өглөө.

Галын дүгнэлтийг хүлээж суухаас гадна Газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдал дээр ахин очиж ажиллах бөгөөд байгаль орчинд учруулсан байж болзошгүй үр нөлөөг нарийвчлан судлах юм гэсэн. Одоо галын асуудал бүрэн намжсан гэж тайвшрах ч энэ нь цаашдаа анхаарах хэрэгтэй гэсэн дохио боллоо. Манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадныхан Монголын газар нутагт осол гаргасан ч өөрийн компанийнхаа хохирлыг шийдчихэд асуудалгүй юм байна гэдгээр ойлгох вий. Тиймээс гадны хөрөнгө оруулалттай компаниудад тавьдаг шаардлагаа хатуу болгох хэрэгтэйг Дачин тамсагт гарсан гал ойлгуулах шиг болсон биз ээ.


Цайр, хар тугалга баяжуулах үйлдвэртэй боллоо

Цайр, хар тугалга баяжуулах үйлдвэр Баян-Өлгий аймагт ашиглалтад орсныг энэ сард онцлохгүй өнгөрч болохгүй. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймаг руу явж, Дулаан харын баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцсон юм. Энэхүү баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь БНХАУ-ын “Чи Хуа” групп бөгөөд тус группын “Юүшэнгминг” ХХК барьж ашиглалтад оруулсан байна. Баяжуулах үйлдвэр жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтайгаараа баруун бүсийн хамгийн томд тооцогдох үйлдвэр болж буй ажээ. Ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрт нийт 7000 орчим ажлын байрыг шинээр бий болгож, энэ онд 84 мянган тонн хүдэр боловсруулж, 50 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөжээ. Харин 2016 оноос баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилдээ 300 мянган тонн хүдэр боловсруулахыг албаныхан мэдээллээ.

Ийнхүү урд хөршийн компани осол гаргасан бол хойд хөрш ойрын жилдээ хамтран ажиллах саналаа илэрхийлээд авсан нь энэ сарын хувьд салбарт онцлох том үйл явдал байлаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж