
ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаярын тухайд сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн, тиймээс ГССҮТ-д ажиллахгүй байгаа, гагцхүү тамга, тэмдэг хүлээлцэх ёстой гэдгийг сайд хэлсэн юм. Гэтэл А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаас татгалзсан тул ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулах бололтой. Тэр хүртэл тус төвийн үйл ажиллагааг орлогч дарга хариуцан ажиллах ажээ.
Харин ГССҮТ-ийн даргын халаа сэлгээ, томилгооны асуудлаас болоод тус төвийн эмч, ажилтнууд цалингаа авч чадахгүй байгаа, түүнчлэн эмнэлгийн эм тарианы хангамж тасалдахад хүрсэн талаар Эрүүл мэндийн сайд "Надад лав тийм асуудлаар хандаагүй" гэлээ.
Сануулахад, ГССҮТ-ийн даргын төлөө тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар сонгон шалгаруулалтад орсон. Ингээд сонгон шалгаруулалтын шалгуурыг Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван хангаж, ГССҮТ-ийн захирлаар ажиллахаар болоод байсан билээ.