
Энэ үеэр Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс чуулганы ач холбогдлын талаар тодруулсан юм. Тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон улсын стратеги, зорилтыг тодорхойлсон баримт бичгийг хүлээн авч байна. Эдгээр иргэдэд хамааралтай хууль эрх зүйн орчин хангалттай байгаа хэдий ч яг бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа нь бага байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгохын тулд чуулж байна. Манай улсын хуульд хангалттай хууль тогтоомж байгаа, яг салбар дундын бодлогын түвшинд тэдэнд зориулсан дэд бүтэц, стандарт байхгүй нь, энэ нь жирийн иргэдийн адил эрхээ эдэлж, үүргээ хүлээх ажиллаж амьдрахад нь маш том орон зайг бий болгоод байна. Боловсролын салбарт жишээ аваад л харахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдүүдийн адил суралцах боломж нь алга байна. Шинээр барилга байшин олноор ашиглалтад орж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц гарц алга. Энэ бүхэн нь тэдэнд зориулсан нийгмийн дэд бүтцийг яаралтай бий болгохыг л шаардаж байгаа юм. Стандартыг яаралтай боловсруулан баталж мөрдүүлэх нь чухал” гэсэн байна.