“Буянт-Ухаа” хорооллын сугалаа хэзээ болох вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа” хорооллын сугалаа хэзээ болох вэ?

Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах хүсэлтэй иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 24-ний өдрийн 18 цагт өндөрлөсөн. 14 хоногийн хугацаанд нийт 9081 хүн бүртгүүлж, байр авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Бүртгүүлэгсдийн 3987 нь төрийн албан хаагч бол 2385 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 979 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажээ. Мөн 51,78 ам метр талбай бүхий байранд орох хүсэлтийг хамгийн олон буюу 2552 нь илэрхийлжээ. Тэдгээр хүсэлт гаргасан иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн газар, нийгмийн даатгалын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, шалгаруулах ажилд 10 гаруй хоног шаардлагатай гэдгийг ТОСК-аас өмнө нь мэдээлж байсан.

Буянт-Ухаа хороололд одоогоор бэлэн байгаа байр нь 565 бөгөөд дээрх 9081 иргэдээс хэн нь байранд орох вэ гэдгийг сугалаагаар тодруулах юм. Харин хэд нь төрийн албан хаагч, хэд нь өндөр настан, хэд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх хийгээд сугалааг хэрхэн зохион байгуулах талаарх мэдээлэл одоогоор алга байна. Ямартай ч ирэх дөрөвдүгээр сард багтаан сугалааг явуулахаар товлоод байгаа юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж