
Австралийн далайн эргүүл хамгаалалтын удирдлага (Amsa)-аас мэдээлснээр лхагва гаригт дахин эхлүүлсэн 370-р нислэгийн эрэлд зургаан орны 12 онгоц оролцож байна. Үүнд Австрали, Шинэ-Зеланд, АНУ, Япон, Хятад, Өмнөд Солонгосын цэргийн долоо, иргэний таван онгоц оролцож, Перт хотоос 2500 км зайтай газар хайгуул, самналт хийж байгаа аж.
Үүний зэрэгцээ Австрали, Хятадын эрлийн багийнхны ирүүлсэн мэдээлэлд үндэслэн даваа гаригт /III.24/ Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак Малайзын агаарын тээврийн 370-р нислэг Энэтхэгийн далайн өмнө хэсэгт осолдсон гэж дүгнэснээ мэдэгдсэн билээ. Мөн тэрээр Боинг 777-200 онгоц далайд осолдсон гэж үзэж буй тул 227 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцсон юм.