
Тэд энэ үеэр тус улсын татварын систем,өрийн менежмент болон уул уурхай дахь татварын тогтолцоог судалж байгаа юм. Багийнхан эхний өдрөө Австралийн парламентын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй уулзаж, одоо хэрэгжиж байгаа татварууд болон татварт хийх гэж байгаа зарим өөрчлөлтийн талаар ярилцсан аж. Мөн Австралийн Их сургуулийн профессоруудтай уулзжээ.
-Түүнчлэн Австралийн Сангийн яамны орлого цуглуулах багийнхантай уулзаж, жижиг бизнесийн хөнгөлөлт урамшууллын систем, НӨАТ-ын доод хэмжээ болон доод хэмжээ тогтоох шалтгаан, НӨАТ-ийн буцаалтын систем, уул уурхайн татварын систем, рояалти, түрээсийн татварын систем, аудит, мөн өрийн менежментийн талаар туршлага судалсан байна.
-Австрали улсад 2 сая доллараас доош орлоготой бизнесийг жижиг бизнест тооцдог гэнэ. 23 сая хун амтай энэ улсад 2-3 сая орчим жижиг бизнес эрхлэгч бүртгэгдсэн байдаг аж. Энэ нь нийт бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувийг эзэлдэг бөгөөд ажлын байрны 43 хувийг бий болгодог байна. Жижиг бизнес эрхлэгчдийн ихэнх нь үйлчилгээний болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний татвараас улсын төсвийн өчүүхэн хэсэг бүрэлддэг боловч төсвийн томоохон хэсгийг хувь хүний орлогын албан татвар бүрдүүлдэг тул энэхүү салбар нь ихээхэн ач холбогдолтой гэнэ.
-Тус улсад 26 мянгаас доош орлоготой бол татвар тооцдоггүй бөгөөд жилдээ 300 мянган бизнес дампуурч, мөн шинээр эхэлдэг гэнэ. Австралийн татварын систем нь маш төвөгтэй байдаг тул ихэнх жижиг бизнес эрхлэгчид нь татварын бүртгэл тооцоонд ихээхэн цаг хүч хөдөлмөр зарцуулдаг байна. Тиймээс засгийн газраас энэхүү хүндрэлийг арилгахаар ажиллаж байгаа аж.
-Австралид НӨАТ төлөх босго нь 75 мянган доллар байдаг ба анх 2000 онд 50 мянгаас эхэлж байсан бол 2007 оноос доод босгыг нэмэгдүүлжээ. Доод босгыг нэмэгдүүлсэн ч гэсэн нийт НӨАТ төлөгчдийн 50 хувь нь 75 мянган доллараас бага орлоготой бизнес эрхлэгчид байдаг. Тэд сайн дураараа бүртгүүлж, татвараа төлдөг байна.
-Олон улсын жишгээс харахад ихэнх улсад 50-100 мянган долларын хооронд доод босго нь хэлбэлздэг. Сайн дураараа бүртгүүлж байгаа жижиг НӨАТ төлөгчдөд улирлаар болон жилээр тайлангаа гаргах хөнгөвчилсөн системийг санал болгодог. Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар НӨАТ-ын алдагдлаараа Австрали нь Швед улсын дараа буюу ойролцоогоор 8 хувьтай байгаа бол хуучин социалист орнууд болох Румын, Словак, Чех Грек зэрэг орнууд 50-аас дээш хувьтай байдаг байна. Тиймээс НӨАТ-ын алдагдлыг багасгах зорилгоор үнэнчээр НӨАТ төлөх олон талын системийг бүрдүүлэх нь чухал аж.
-Австралийн татварын байгууллага нь жилдээ 2.2 сая НӨАТ буцаалтын өргөдөл авч, 53 тэрбум долларын буцаалт хийдэг. Үүнээс 2 хувь орчмыг дахин шалгалтад хамруулах ба ихэвчлэн сэжиг бүхий байдлаар гэнэт ихэссэн буцаалт болон бизнесийн сэжигтэй төрлийг сонгон шалгадаг аж.
-Австралид 260 мянган хүн уул уурхайн салбарт ажилладаг. Тус салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувийг үйлдвэрлэдэг ч экспортдоо голлох жин эзэлдэг. Австралийн ашигт малтмалын татварыг бүтээгдэхүүнд суурилсан, гэнэтийн ашигт суурилсан, орлогод суурилсан хэмээн гурван төрөл байдаг. Гэнэтийн ашгийн татвар нь монголд хэрэгжиж байсан гэнэтийн ашгийн татвартай адилхан бөгөөд Засгийн газраас энэ оны долоодугаар сарын нэгний өдрөөс энэхүү татварыг байхгүй болгох талаар маш идэвхтэй ярьж эхэлсэн байна. Гэнэтийн ашгийн татвар нь төмрийн хүдэр болон нүүрсэн дээр 22.5 хувь, нефьтэд 40 хувь байдаг юм байна.