Хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог болно

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог болно

Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ Хууль зүйн яамтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Бичил, жижиг дунд бизнесүүдэд зээл авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд  барьцаат хэлцлийн  шинэчлэл хийхийг дэмжихээр талууд тохиролцжээ. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгох боломж нээгдэх юм байна.

Санхүүжилт олох нь өнөөдөр Монголын жижиг бизнесүүдэд тулгарч буй хамгийн том бэрхшээл юм. Жижиг бизнес эрхлэгчид зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөгүйгээс банкнаас зээл авахад бэрхшээл тулгардаг. Одоогийн байдлаар хөдлөх хөрөнгө барьцаалъя гэвч хууль эрхзүйн орчин нь бүрдээгүйгээс банкууд үргэлж татгалзсан хариу өгдөг. Тиймээс дээрх хоёр байгууллага хамтран хөдлөх хөрөнгө барьцаалах чиглэлд шинэчлэл хийхээр болжээ. Шинэчлэлийн хүрээнд хөдлөх эд хөрөнгө болон эрхийн барьцааны хэлцлийг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх Хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийн тухай шинэ хуулийг боловсруулан, цахим бүртгэлийн системийг бий болгох ажээ. ОУСК өмнө нь Хятад, Вьетнам, Гана зэрэг 20 гаруй хөгжиж буй орнуудад орчин үеийн барьцаат хэлцлийн системийг хөгжүүлжээ.  Хятад улсад л гэхэд  2007-2011 онд гурван их наяд ам.долларын хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг жижиг бизнесүүдэд олгосон байна.

Энэхүү шинэчлэл амжилттай болох аваас банкууд дансны авлага, бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг хөдлөх хөрөнгийг дангаар нь барьцаалах боломж бүрдэх ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж