/1951-1995/
Б.Сандагсүрэн 1951 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багийн нутагт Ж.Бүдхүүгийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн юм. 1959-1969 онд Төгрөг сумын болон Алтай хотын бага, дунд сургуулийг төгссөн. 1970-1973 онд Ардын цэргийн 028-р ангид ротын жагсаалын дарга, ахлагч цолтойгоор алба хаан, 1976 онд МУИС-ийг статистикч-эдийн засагч мэргэжлээр төгсчээ.
1976-1992 онд хуучнаар ХААДС-д багш, тэнхимийн эрэхлэгч, аж ахуй эрхэлсэн проректороор ажилласан. 1992 оноос нягтлан бодох бүртгэлийн “Мандах” дээд сургуулийг үүсгэн байгуулалцаж, захирлаар нь ажиллаж байв.
Тэрээр “Алтайн хөгжил”, “Үнэн”, “Засгийн газрын мэдээ”, “Ардын эрх”, “Монголын спорт” зэрэг орон нутгийн болон төвийн сонин, хэвлэлүүдэд зах зээлийн харилцаанд шилжиж байсан тухайн үеийн нийгмийн чухал, чухал асуудлыг хөндсөн олон тооны нийтлэл бичиж, хэвлүүлж байсан бөгөөд “Нийслэл хүү”-гийн гэнэн хүслэн буюу Алтайчууддаа илгээх захидал” нийтлэлийг нь дор толилуулж байна.
Монгол улс эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжихээр эргэлт буцалтгүй шийдлээ. Энэ бол аль ч төр засгийн үндсэн бодлого байсаар байх болно. Энд эргэлзэх зүйл байхгүй. Харин аливаа нэг зүйл нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжихдээ заавал нэг шилжилтийн үе, хувирлын үйл явцыг шаарддаг. Нийгэм эдийн засгийн үзэгдэл дээр бол энэ хувирлын илрэх хэлбэр нь хямрал юм. Хямрал ямар явцтай, хугацаатай, хүнд хөнгөн байх нь тухайн орны онцлогоос хамаарах бөгөөд түүнээс гарах арга зам нь бүр ч өвөрмөц онцлогтой байдаг. Тэр тусмаа үеийн үед билчээрийн мал аж ахуй нь үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болсон, өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай манай орны хувьд бар, арслангуудтай барьцалдан үзэх үндэс байхгүй. Бидний Алтайчууд бүх насаараа бусдаар тэтгүүлж хоёр суга таягтай амьдрах хүсэл сонирхол байхгүй нь ойлгомжтой болохоор өөрөө өөрийн хүчинд тулгуурлан босож чадвал л алсдаа хүрэх оргил бартаа багатай байх болно. Энэ үүднээс хэзээний ухаантай Алтайчууд Та бүхний анхны алхам бүрийг үзэж гараараа барьж мэдрээгүй ч бусдаас сонссон ярианаас үндэслэн дараах зүйлүүд дээр саналаа хуваалцахыг хүслээ. Буруу дуулж, богинохон бодсон бол өчүүхэн надад уучлал хайрлаж, зөвийг сонгож алсыг зорихоо ухаант Алтайчууд минь өөрсдөө мэдтүгэй.
Нэг. Халтар арвайгаа хадгалж үзээч
Аптайчууд дээр үеэс халтар арвай тарьж хүнсэндээ хэрэглэсээр ирснийг мэдэх хүн олон. Баруун аймгийн тууврын зам дагуу оршин суудаг настан иргэд “Алтайн арвайн гурил ч нухаж байхад аяга дүүрээд мөн ч сайхан шүү” гэж сэтгэл алдан ярьдаг байсан. Гэтэл 1960 -аад оноос тэр огт үгүй болж, нутгийн иргэд ч танихаа больсон гэлцдэг байлаа.
Миний эцэг Жамьянгийн Бүдхүү 1960-аад оны эхээр Төгрөгийн голд арвай тарьсныг бусад сумуудын нэгэн адил сүүлчийн тариалалт гэж бодож байсан нь үгүй байж. Арвайн тариалалт зогсож, айл бүрт байх хөх чулуун тээрэм нь өрхний оосрын дүүжин болж, атар газар эзэмшсэний аугаа их ялалтын үр дүнд улаанбуудайн гурилаар бялхаж нэг хэсэг хугацаа өнгөрсөн. Гэтэл өнөөдөр тэр элбэг гурил байхгүй, цаашдаа ч элбэгших хүртэл их зай байна. Энэ нь өнөө ялалт болсон атрын САА-нууд бутарч, хэт жижгэрсэн, олон компани болон задарснаас газар тариаланд тавигдах шаардлага, техникийн бодлого алдагдаж, орчин үеийн техникийн шинэчлэлт хийгдэж, бүрэн ашиглалтад орох хүртэл олон жилийн хугацаа шаардагдах болсонтой холбоотой. Үүнийг ч ухаантай ард түмэн минь ухаарч 30 жилийн өмнө савны ёроолд хаясан аяга таваг арвайгаа гаргаж, хэд хэдэн суманд тарьж байгаа сургийг нутгийн дүүгийн амнаас сонсоод баярлах гайхах зэрэгцэж сэтгэлд нэгийг бодогдуулав.
Ямар их аз вэ? Халтар арвай хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд хадгалах санаа төрж хайрцагны буланд хаячихсан ухаантай ачтан байсан маань аз. Хог хадгаллаа гээд хамж гаргаад цацчихаагүй маань аз. Хорь гучин жил нар салхи, ус чийгийг үзэлгүй хэвтэхдээ хатаж муудаад үхчихээгүй нь аз. Ёстой л нутгийн ургамал мөн юм даа. Бид хэрэгтэй юмаа болж өгвөл хаячихдаг хүмүүс сэн. Харин халтар арвайгаа хаядаггүй юм байна.
Өнөө жилийн тарьсан арвай хэдийгээр хүн таны өөрийн хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүн мөн боловч энэ жилдээ атга арвайг бол хороолгүй бүгдийг дараа жилийн үрэнд зориулж нийт Алтайчуудынхаа төлөө дахин хадгалж, хэнд ч ховорхон тохиолдох нигүүлсэнгүй сэтгэл гаргаж буян хийгээч. Өнөө жил нэг айл арвайгаар элбэг дэлбэг байгаад ирэх жил тэр айл тал дүүрэн тарьсан ч болох боловч энэ жил бүх үрийг хадгалаад ирэх жил 10 айлд худалдан үр суулгах нь бурхны өмнө ёстой л буян болон үлдэнэ.
Өчүүхэн би хүн таны хүнсний зүйлийг бусдад булаан өгөхөөр зүрх гарган үүнийг гуйж байгаагийн учир нь:
1. Хэдийгээр цаашдаа гурил будаа ховордох боловч энэ ондоо (1992- 1993) их савны ёроол хоосонгүй гэгчээр бидний хэдэн монголчуудаа арай ч өлсөгчихгүй гурил, будааны нөөц, боломж манай улсад бий тул түүнийг хэрэглээд арвайгаа нөөцлөөч.
2. Манай газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн одоогийн байдал нь хэдийгээр хуучирсан, сэлбэг хэрэгслээр дутмаг ч гэсэн 1992 оны намрын тариа хураалт, 1993 оны хаврын тариалалтыг хагас дутуу ч гэсэн хийчих боломж бий. Үүнээс цааш нэг хэсэгтээ үр тарианы тариалалт, хураалт бараг зогсоход хурч Алтайн арвай л Алтайчуудын аминд орно. Учир иймээс өнөө жил авсан ургацаа үрэнд хадгалж чадвал хэдхэн жилийн дараа л хэрэгцээт гурилынхаа хэсэгхэн хувийг ч бол өөрсдөө хийдэг болчих боломж байна.
Хоёр. Бөхөнгийн эвэр алттай тэнцэнэ.
Хэдэн сарын өмнө радио сонсож суутал “Арван авдар бөхөнгийн эвэр хил гаргах гэж байгаад хураагдлаа” гэх нь сонсогдлоо гэж хүн хэлэв. Орос улсын элчингийн ажилтан хоёр чемодан эвэр авч яваад бариул нь тасарч унаад баригдлаа гэж сониноос уншив.
Арван авдар эвэр. Үнэндээ итгэхэд хэцүү. Хачин сонсогдов. Бөхөнгийн эвэр чинь бугын эвэр шиг даанч биш. Гэтэл нэг хайрцаг биш арван хайрцгийг, бүтэн хоёр чемоданыг гаргах гэж байх. Хэнд юуны тулд вэ?
Монголын хилээр орж ирэх гэж байгаа биш. Монголын хилээр гарах гэж байгаа энэ бөхөнгийн эвэр хаанахын эвэр вэ? Монголд цөөн тооны бөхөн хаана байдаг билээ? Зөвхөн Төгрөгт. Хонь, үхрийн арьс, мах гадаад гаргаад дамлаж ашиг олж байгаа газар байна. Харин бөхөнгийн мах, арьс гаргаж гэнэ гэж та бүхэн лав л сонссогүй. Зөвхөн эвэр нь л энэ амьтныг сөнөөж дууслаа. Энд бүх Аптайчууд буруугүй. Гол нь Төгрөгчүүд л буруутай. Би тэднийг бөхөнгөө алж аваад, эврийг нь зөөж явсан гэж хэлж чадахгүй. Гагцхүү мах, арьс эврээр нь бус дүрсийг нь гадаадын хүний нүдэнд хальт харуулаад л алтыг (валют) нь цуглуулж байх аз заяасан та нар минь түүнийг юунд үл тооно вэ?
Төгрөг суманд алт байхгүй, байх ч хэрэггүй. Яагаад гэвэл алтнаас ч үнэтэй бөхөнг тэдний үеийн үед хэрэглэх нөөц болгон байгаль дэлхий хуваарилчихсан байна.
Ер нь газрын хөрсөн дээр болоод доорхи баялаг хязгаартай. Тэд хэзээ ч өсч үржихгүй, нэг хэрэглээд л дуусна. Тийм ч учраас бүх баялгаа хэрэглэчихсэн улс орон ч байна. Манайд ч удахгүй дуусна. Харин өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг, биологийн хуулиар өсдөг үнэт баялгууд бол тэр алт мөнгөнөөс ч үнэтэй. Үүний тоонд дэлхийд ховордсон тэр тусмаа хүн, мал, амьтны эцэг өвөг болсон ан амьтнууд орно.
Алтайчуудад бөхөн , тахь, хулан, хавтгай, аргал угалз, янгир гээд л мөн их алтан амьтад заяаж. Гэтэл бид түүнийг нь өнөө маргаашийн хэдэн бор төгрөгнөөс өгчих гээд байгаагаа ухаарах учиртай. Уугуул иргэн та бүхний хайртай онгон газруудаар чинь харь газраас зөөж ирсэн хээнцэр ганган тэрэгнүүд тоос татуулж явснаас ховор ан амьтад- нь хурдан хөлийн чадлаараа хуйларч явсан нь дээр.
Тахиа хүнд өгчихөөд хэчнээн хөрөнгө зарж байж олж ирснийг бид мэднэ. Гэтэл ирсэн хэдэн тахийн ихэнх нь Төв аймгийн нутагг үлдчихлээ. Тэд алсдаа ямар их орлого эдэнд өгөх нь тодорхой. Бид нэг хэсэг алтаа эдэнд булаалгачихлаа гэсэн үг. Ингээд л амьд алтанд хүн бүр шунаж байхад бид устгаж байна. Үүний учир Алтайчууд та бүхнээс дараах зүйлийг эрхэмлэн гуйя.
1.Бөхөнг, бусад амьтдыг хамгаалах зорилгоор улсын өмчинд тулгуурласан жижиг аж ахуй байгуулж, газар нутгийг хашиж байнгын хамгаалалтанд авах.
2.Цөөн тооны бөхөн удаан жил амьдарч байгаа нь цус ойртож үржлийн ажилд муугаар нөлөөлж байгааг анхаарч гаднаас (Каракумын цөлөөс) бөхөн авч ирж цус сайжруулах зэрэг зоо мал-мал эмнэлгийн арга хэмжээ авах.
3.Бөхөн болон бусад ховордсон амьтныг амины эрх ашгаа бодож алж хороосон хэнийг ч бол хатуу цээрлүүлэх тусгай журмыг Алтайн хэмжээнд мөрдөхөөр гаргаж, биелүүлэх ажилд хүн бүрийг оролцуулах хэрэгтэй байна.
Гурав. Боловсролгүй бол мянган малтай ч ядуу
Улсын хэмжээгээр 1993 онд 30.0 шахам мянган хүүхэд сургууль завсардсан сураг сонслоо. 1991 оны эцсээр төрсөн нутагтаа очиход мөн л олон хүүхэд сургууль завсардсан тухай сургуулийн захирал бас ярьсан. Даан ч харамсмаар явдал.
Аливаа улс орон үе үе ядуурах, хоосрох үе ч байдаг. Гагцхүү боловсрол, оюуны соёлоор л хоосорч болохгүй. Хэчнээн их алттай, баялагтай, малтай, хүнтэй байж болно. Харин тэр их баялгийг огт боловсролгүй, бичиг үсэггүй хүмүүс хөтлөөд авч явж хэзээ ч чадахгүй. Улс орон, нутаг дэвсгэрийн хөгжил, хэтийн төлвийг боловсролтой, соёлтой иргэн хүн л шийдвэрлэнэ. Хүн бүр эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан байх алба байхгүй, Харин хүн бичиг үсэгтэй, өөрөө өөрийнхөө төвшинд эрхэлж байгаа ажил мэргэжлийн дагуу боловсорч хөгжиж байх ёстой. Сонин ч уншдаггүй, уншиж чаддаггүй хувь хүн байж болохгүй. Сонин зөвхөн тамхи ороох, юм боох материал болон ашиглагдах ёсгүй. Тэгвэл л улс орон, нутаг дэвсгэр жинхэнэ өлсгөлөн болж байгаа нь тэр.
Зарим хүн ядуурч, хоосорч, өлсч үхэж болно. Энэ бол үнэхээр арчаагүй, боловсрол мэдлэггүй хүний зан. Соёл боловсролгүй хүн бол мянган малтай, мөр бүтэн, гэдэс цатгалан байлаа ч өлсөж, харангалж үхсэнээс дор. Учир нь нэг хүний өлсөж үхэх нь тэр хүний тухайн үеийн хэрэг. Бүх нийтээрээ боловсролгүй, хавтгайгаараа харанхуй, бүдүүлэг байна гэвэл монгол угсаатан сөнөх үүд хаалгыг нээж буй нь тэр. Бичиг үсэгтэй, боловсролтой бол малтай ч, газартай ч, үйлдвэртэй ч, алттай ч болж болно. Төгрөгний тоог тоогоор нь биш өнгөөр нь ялгадаг хүн бол сая төгрөгтэй ч байгаад нэмэргүй. Боловсрол ямагт ухааныг, ухаантныг төрүүлж байдаг. Бидний Алтайчууд цөөн ч, ухаантай, сэтгэгчид олонтой. Их зохиолч М.Цэдэндорж, Ч.Лодойдамба, Л.Түдэв нараар одоо ба ирээдүй бахархана.
Аптайчууд бид байх уу, үгүй юу гэдэг нь боловсролоос л хамаарна. Бүх нийтээрээ боловсролгүй болчихвол 8-10 жилдээ байж болно. 50- 60 жилд байж чадахгүй. Боловсролгүй хүн хэчнээн ч баян байсан хэзээ ч хүний боол байдаг. Их зохиолч Ч.Лодойдамба үүнийг бүр эрт “Тунгалаг тамир” зохиолдоо хэлээд өгснийг бид анзаарахгүй л яваа юм шүү дээ.
Энэ бүхнийг өгүүлэн дараах хүсэлтийг Алтайчууддаа хүсэмжлэн гуйя.
1.1993 оноос эхлэн сургуулийн насны нэг ч хүүхдийг 10 жилийн боловсролтой болтол нь сургуулиас завсардуулахгүй байх тусгай шийдвэрийг аймгийн хэмжээнд гаргуулан мөрдөх.
2.Улсын эдийн засагт захирагдаж боловсролыг хаяж орхиж болохгүй учраас чадвартай, хүний төлөө сэтгэлтэй мэргэжлийн багш нараар бүрдсэн ерөнхий боловсролын хувийн сургуулийг аймаг, сум дундын хэмжээнд зохион байгуулан ажиллуулж, засаг захиргааны байгууллагууд дэмжин тусалж ажиллах, сурагчдын сургалтын төлбөр, хоол хүнсний материалыг эцэг эхчүүд сайн дураараа сэтгэл харамгүй гаргадаг байх.
3.Аймгийн хэмжээнд өндөр үр ашигтай, ирээдүйтэй, түүхий эдийн арвин нөөцтэй үйлдвэр аж ахуйн газруудад ажиллах нутгийн боловсон хүчнийг гадаад дотоодын их дээд сургуульд суралцуулах арга хэмжээг тусгай бодлого болгон явуулж, зардлыг аймаг орон нутгийн захиргаа, эцэг эхчүүд хувь тэнцүүлэн хариуцах.
4.Өөрийн аймгийн боловсон хүчний хэрэгцээг өндөр төвшинд хангах, боловсрол шинжлэх ухааныг орон нутгийн үйлдвэрлэлтэй холбох зорилгоор аймагтаа мэргэжлийн дээд сургуулийг хувийн болон төрийн өмчинд тулгуурлан зохион байгуулж олон биш элсэлт, цөөн орон тоотойгооор хичээллүүлж, нутгийн сэхээтний хүчийг төвлөрүүлж авч ашиглах.
Эдгээр саналыг та бүхнээс хүсэмжилсний учир нь:
Апиваа улс орон, аймаг орон нутаг үндэсний боловсон хүчинтэй байсан цагт л орон нутгийн баялаг, түүхий эд материал, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан хөгжиж, хүн ардынхаа сайн сайхны төлөө үйлчилж чаддаг. Тэдгээр сэхээтэн боловсон хүчин ч намайг сурч боловсроход нутгийн иргэд, эцэг эх дусал хөлс, хөдөлмөр, итгэлээ зориулсан юм гэж ухамсарлан, сэтгэл зүтгэлтэй ажилладаг. Гэхдээ сайн мэргэжилтэн бүхэн дарга байх биш, харин үйлдвэрлэгч, технологич байсан цагт л ард түмэн, хамт олондоо хүчээ зөв зарцуулж чаддаг гэдгийг санах ёстой. Ингээд бодохоор энэ бүхнийг урьдаас мэдэрч, зөв цаг үед нь зохистой ашигладаг хүн бол үндэсний сэхээтэн, соёл боловсролтой нутгийн иргэд гэдгийг л хэлэх гэсэн нь энэ юм.
Дөрөв. Хил нээлттэй ч хөл хаалттай байх ёстой.
Манай Алтайд энэ оноос гадаадын хүмүүс их олширлоо. Ялангуяа хятадууд бөөн бөөнөөрөө явах боллоо гэж нутгйин хүний ярихыг сонсов. Яагаад урд зүгийн хүн олшрох болов гэхэд Алтайн цаад Бургастайгаар хил нээсэн, дахин өөр газар нээнэ гэнэлээ, одоо машин тэрэг чөлөөтэй орж гарч байна гэх нь тэр. Хувьдаа тун их гайхлаа.
Хил нээлттэй байх нь буруу биш. Гагцхүү хилээр орж гарч байгаа нь хамгийн сонин, тэр тусмаа нутгийн оршин суугчдад бүр сонин байх ёстой. Айл хөрш орнуудын хооронд хилийн худалдаа хөгжих нь зарим талдаа ашигтай, зарим зүйл дээр ашиггүй, бүр алс хэтдээ бол аюултай ч байдаг. Хөрш хоёр орны хоорондын харилцааны гэрээ хэлцлийг тодорхой мэдэхгүй. Би тэр нь зөв, энэ нь буруу тусгагдсан байна гэж ярих эрх байхгүй боловч нутгийн иргэддээ дараах зүйлүүд дээр анхаарлаа хандуулахыг хүсье.
1. Хилийн худалдаагаар амьд мал болон аж ахуйн гаралтай бүх төрлийн түүхий эд, зэс, гууль ширэм зэрэг металл эдлэлүүд, төрөл бүрийн ашигт малтмалууд, үнэт чулуу, эрдэс баялаг гаргаж, бараа солилцоо хийхийг бүрмөсөн хориглох.
2. Бараа солилцоонд хэрэглэх бүтээгдэхүүн нь заавал эцсийн боловсруулалт хийсэн бэлэн бүтээгдэхүүн байх ёстойг хатуу анхаарах.
3. Хилээр ямар ч тохиолдолд, хэдийгээр зөвшөөрөгдсөн байлаа ч хүн нэвтрэхийг хориглох, ер нь Алтайн нутаг дэвсгэрт мэргэжилтэн, зөвхөн ажилчин нэртэйгээр гадаадын иргэдийг байрлуулах буюу ажиллуулахыг зогсоох.
4. Өмнөх хилийн худалдаагаар архи, шар айраг зэрэг согтууруулах ундааны зүйл оруулах, хүнсний бүтээгдэхүүн болон гоо сайхны, ахуйн хэрэглээний, химийн бодис авахыг зогсоох, авсан тохиодолд улсын хяналтын албаны шинжилгээ, зөвшөөрөлгүйгээр хэрэглэх, худалдахыг нийт иргэдэд хориглох.
5.Хятад болон өмнө зүгийн орнуудад эмэгтэйчүүд, охидуудыг тодорхой ажлаар явуулах, суралцуулах, урт хугацааны томилолтоор ажиллуулахгүй байх хэрэгтэй юм.
Аливаа нэгэн үйл ажиллагааны эцэст гарсан үр дагавраар түүнийг хэрэгжүүлсэн, шийдвэрлэсэн хүмүүс түүхийн өмнө хариуцлага ч хүлээдэг, гавьяагаа ч эдэлдэг нь тодорхой. Манай хил нээлттэй болсон шалтгаан гарах үр дүнг тооцсон тодорхой хүмүүс байгааг би буруутгах гэж яараагүй.
Гагцхүү хожмын өдрүүдэд муу үр дагавар гарч болох учраас дээрх санаануудыг хэлсний учир нь:
Нэгд: Монголчууд зэс, гууль, ширмээ урд хил давуулан зөөгөөд бараг дууслаа. Тэд зэс гууль байхгүйдээ манайхаас гуйж авч байгаа хэрэг үү? Үгүй ээ. Тэд биднээс хэд дахин их нөөц баялагтай. Саяхан болтол дэлхийд хамгийн их модтой, одоо ч тэргүүлж байгаа орон, зурамны сахал шиг хэдхэн модтой манай орноос импортоор авч байсныг та бүхэн санаж байгаа. Тэгэхээр ядуу орон л гаднаас юм авдаг биш, ирээдүйд хэрэглэх гол “үүцэндээ орохгүйгээр эргээд өөртөө зах зээл гаргахын тулд эргэн тойрондоо байгаа орчныхоо илүү нөөцийг эртхэн зөөж дуусгаад санаа нь амардаг байна.
Бид хэдхэн жилийн дараа урд хөршөөс одоогийн гаргасан зэс, гуулиа эргүүлэн бүр өндөр үнээр худалдаж авах хэрэгцээ удахгүй гарах болно. Энэ мэтчилэн түүхий эд гаргах нь бүр аюултай. Хэдийгээр мал аж ахуйи бүтээгдэхүүн жил бүр нөхөн үйлдвэрлэгддэг боловч хил давуулан зөөж, хэрэгцээтэй гэх бараагаар (цай, гурил) солиод байвал нэгд, бид өөрсдөө хэзээч бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурахгүй, өнөөх л бэлэн зүйл харж сууж байгаад балардаг аргандаа эргэн орж, хийж чаддаг юмаа хийж чадахгүй болно. Гагцхан жишээ хэлье. Энэ жил танай аймгийн бүх компаниуд бараг бүх арьс шир, ноос, ноолуураа урд хилээр гаргаж оронд нь цай авч элбэг хангасан гэсэн. Гэтэл одоо шевро, шевретийн үйлдвэрүүд энэ түүхий эдээр бүрэн тасарч, улмаар гутал, савхин эдлэлийн зэрэг бүх үйлдвэр зогсож байна. Бид гуталгүй боллоо. Том орны бодлого энэ.
Хоёрт, Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн технологийн нууц гэж орчин үед цэргийн техникийн нууцаас хавьгүй их чухал болсон зүйл бий. Ноос ноолуур ч бай хамаагүй, түүхий эд болохын хувьд нууцаа алдвал эргээд биднийгээ “хазаарлаж” ходоодтой тооцоо хийх зүйл тэр байдаг. Энэ олон зууныг дамжин өнөөг хүртэл амь бөхтэй анхны уламжлалаараа хадгалагдан ирсэн Монголын бэлчээрийн мал аж ахуй, түүний үйлдвэрлэлийн технологи, магадгүй одоо дэлхийд нууц нь тайлагдаагүй цорын ганц зүйл ч байж мэднэ. Монгол малын мах амттай байдгийн учир нь юунд байна гэж судлахаар ирсэн европын хүн, мал муулах монгол аргыг сонирхоод байсан нь энгийн асуудал биш.
Үнэхээр бидний нуух ёстой нэг зүйл бол мал нядлах бидний арга. Гэтэл одоо үүнийг хүн бүрт үзүүлж, зураг авахуулж суух болж. Дэлхийн монгол судлалынхан арга нь л олдвол манай Алтайн онгон говийг зорьдог нь жирийн нэг шохоорхол, сонирхлын төдий зүйл яав ч биш.
Судсанд нь харийн хүний нэг дусал цус орсон л бол сэтгэлд нь хоёр өөр санаа заавал төрнө. Гэтэл их үндэстний цус ямагт элбэг байдаг бөгөөд хэрэгцээ гарсан үедээ цохилт хатуу, лугшилт нь илүү байдаг.
Ядуу хүн ямагт аймхай зүрх муутай байдгийн адил цөөн тооны ястан үндэстэн хэзээ ч олонхийн өөдөөс цээжээ түхийлгэн ханхалзаж чадахгүй. Иймд хэдэн арван сая хүн амтай байлаа ч улс орон бүр хүн амынхаа цусыг цэвэр байлгахыг эрмэлздэг. Энэ бол улстөр, эдийн засагт их ач холбогдолтой. Үндэстнээ цэвэр ариун авч явах хамгийн шалгарсан арга бол хилийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээг дээд зэргийн журамтай зохион байгуулах асуудал юм. Ядуу хүнийг, тэр тусмаа өлсгөлөн, хувцас хунаргүй хүнийг худалдаж авах нь хамгийн амархан бөгөөд хилийн дээс алхаж ирсэн наймаачид барагтай л бол бүсгүй хүн байдаггүйг эрх биш Та нар харж л байгаа байх. Шаахайны мөр гарсан газар шарилж ургажбайсан түүх байхгүй. Хил нээлттэй ч хөл хаалттай байх ёстой.
Тав. Ардын аж ахуйтан дайсан биш.
Улс хоршооллын өмч дангаараа шахам ноёрхож байсан нь саяхан.
Гэтэл одоо өмчийн харилцааны ийм бүтэц үгүй болж, байдал өөрчлөгдлөө. Өөрчлөгдөх юм өөрчлөгдөлгүй яахав. Гэвч зүй зохистой хэмжээндээ явах ёстой. Аливаа улс оронд холимог эдийн засаг заавал байх ёстой. Үүнийг дагаад өмчийн олон хэлбэр ч байж болно. Гэвч улсын хоршооллын өмчинд байж болохгүй зүйл гэж байна. Үүний нэг нь бэлчээрийн мал аж ахуй. Монгол орныг малгүйгээр ойлгож болохгүй. Тэгвэл монгол хүн малаасаа хөндий байж таарахгүй. Манай өмч хувьчлалд гарсан нэг алдаа бол газар тариалан эрхэлдэг сангийн аж ахуйнуудыг хэсэг хэсгээр нь жижиглэн тараасан атлаа гол төлөв мал аж ахуй эрхэлдэг ХААН-үүдийг компани болгон нэрийг нь сольж хуучин нэгдлийн хэмжээнд барьж байгаа явдал юм. Иймд:
1. Бүх ХААН-ийг тарааж малчдыг ардын аж ахуйтан болгон хөдөлмөр эрхлэлтийг чөлөөтэй болгох ёстой.
2. Цэвэр эрЬийз юм уу, нутгийн шилмэл омгийн малыг тараахгүйгээр хэсэгчлэн зохион байгуулж, малын төрөл, үржлийн чиглэлээр нь фермерийн аж ахуй болгон зохион байгуулбал илүү үр дүнтэй болно. Тухайлбал, Төгрөг суманд байгаа хос зогдортой тэмээг одоогийн тоо толгой, үржлийн үе шатыг харгалзан 2-3 фермерийн аж ахуй болон ажиллуулбал ашигтай. Фермерийн аж ахуй бол компани ч биш, гэхдээ ам болгоныг бараадан буусан ганц нэг өрх айл ч биш, ардын аж ахуйнтнууд яваандаа хот айл юм уу, фермерийн аж ахуйн хэлбэрт шилжих хандлагатай байж болзошгүй.
3. Хуучин худалдаа бэлтгэлийн анги гэж байсныг хувьчилж нэг хүний мэдэлд өгснийг өөрчилж, одоогийн компаниудын эрхэлж байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, бэлтгэн нийлүүлэлтийг хамтатган засаг даргын шууд мэдэлд шилжүүлэх хэрэгтэй.
Мал аж ахуйн ашиг шимийн бүтээгдэхүүн (мах ноос, арьс шир, сүү) нь, хүнсний ба барааны дэлгүүр нь өмчөөн дагаад хувийн байж болно. Уг бүтээгдэхүүний бэлтгэл, борлуулалт, түүний солилцоонд орж ирсэн бараа таваарын хуваарилалт, дэлгүүрийн лангууны хангамж нь бараг улсын гэмээр системээр, нэг л засаг даргын зохицуулалтаар хийгдэх ёстой. Эс тэгвээс компаний гишүүдийн материалын хангамж, ардын аж ахуйтан, багш, эмч зэрэг компаний бус хүмүүсийн хангамж, үзэл санааны хооронд ихээхэн ялгавар, зөрөлдөөн гарч нутгийн иргэдийг тогтворгүй байдалд үймүүлэхэд хүргэж байна. Ялангуяа барааны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдан, одоо үед МААН-н бүтээгдэхүүний бэлтгэл, борлуулалт бараа солилцоо нэг л хүний удирдлагаар зохицуулагдахгүй бол осолтой. Тэгээд ч захиргаа, компани хоёр зэрэгцэн оршиж байгаа нөхцөлд засаглал хэзээ ч хүчтэй байж чадахгүй, засаглал нь хүчтэй болохгүй бол орон нутгийн нийгэм эдийн засаг, хариуцлага сахилгад нааштай өөрчлөлт, үр дүн гарахгүй.
Зургаа. Үнэ бол өртгийн мөнгөн илэрхийлэл биш.
Одоо хүртэлх үед бэлтгэгдсэн бүх сэхээтэн ингэж сонсоогүй, харин үнэ бол өртгийн мөнгөн илэрхийлэл гэж үзсэн, итгэсэн байх. Гэтэл эдийн засгийн зах зээлийн харилцааны үед үнэ бол өртгийн мөнгөн илэрхийлэл биш бололтой. Нэг төгрөгний өртөгтэй зүйл мянган төгрөгний үнэтэй ч байж болж байна. Арван мянган төгрөгний өртөгтэй бүтээгдэхүүн арван төгрөгний үнэтэй байж болох юм байна. Өөрөөр хэлбэл үүнийг өртөг тодорхойлдоггүй, үнийг бараа таваарын эрэлт, нийлүүлэлтийн хоорондын харьцаа тодорхойлдог байна.
Саяхан засгийн газраас хүнсний болон ХАА-н бүтээгдэхүүний үнийг чөлөөт үнэд шилжүүллээ. Гэхдээ энэ бол хувийн бодлоор чөлөөт үнэ биш, нөгөө талаар хэтэрхий оройтож гарсан шийдвэр. Чөлөөт үнэ гэдэгт дээд, доод хязгаар гэж байх ёсүгүй. Учир нь үнэ өртөгтэйгээ хамааралгүй эрэлт нийлүүлттэй холбоотой. Түүнчлэн манай улс анх чөлөөт үнэнд шилжихдээ мах, сүү, гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс эхлэн шилжих байсан боловч буруу талаас нь эцсийн бүтээгдэхүүний үнээс эхлэсэн учраас хүмүүсийн амьжиргааны төвшинд ноцтой нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, үнэ их бага байх нь тухайн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтээс хамаардаг бол тэр бүтээгдэхүүний үнийг тохируулагч нь хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Хүн өөрийнхөө ходоодны хэрэгцээнээс илүү гарсан мөнгөндөө тохируулж бусад нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах чадвартай. Эс чадваас хоолныхоо мөнгөтэй л үзэлцэж суух болно. Эндээс үндэслээд хүсэх нь:
1. Алтайдаа мах, сүү, гурил, ноос, ноолуур, арьс ширний үнийг жинхэнэ чөлөөтэй болгох хэрэгтэй. Энэ нь бусад бүтээгдэхүүний үнийг бууруулж, дамчдын тоог цөөрүүлэх болно.
2. Дэлгүүрүүдийн борлуулалтын орлогыг эх орны бүтээгдэхүүний борлуулалтын орлого, импортын бүтээгдэхүүний борлуулалтын орлого гэж хоёр хувааж, экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос авах татварыг эрс нэмэгдүүлж болно. Ингэснээр гадаадаас бэлэн бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирэх явдлыг хязгаарлах болно. Энэ нь хүн амыг бараа таваараар хангах явдалд нэг хэсэгтээ муугаар нөлөөлөх боловч импортын бэлэн бүтээгдэхүүн нэмэгдэх нь ямар өөрийн үйлдвэрлэгчдийн сонирхол, сэтгэлгээг боогдуулж байдаг муу талтай учраас улс, орон нутгийн цаашдын хөгжлийн хандлагыг бодож ийм зарчим баримтлахаас өөр арга байхгүй.
3. Өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой нэрийн бүтээгдэхүүн дээр бүсийн үнэ тогтоож болно. Түүнчлэн гол нэрийн зарим бүтээгдэхүүнийг зөвхөн өөрийн аймгийн байнга оршин суугчдад худалддаг, бусад хүмүүст зайлшгүй худалдах шаардлага гарвал нэмэгдэл үнэ тогтоох журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс барааны үнэ, эрэлт нийлүүлэлтийн харьцаа улс даяар алдагдсан одоогийн нөхцөлд улсын төвлөрсөн системээс алслагдсан хязгаар нутгийн хувьд Алтайчууд маань улам хүнд цохилтонд орж, хэдэн мал маань мөнгөний тоог орлон, бусдын нутаг уруу нүүн одож, мал ч үгүй, мөнгө ч үгүй ард түмэн үлдэж ч мэднэ.
4. Улс даяар мөнгөний эргэлт удаарширч, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр худалдан авах чадваргүй, хөдөлмөрийн хөлс гэж байсан тогтвортой цалингийн систем үгүй болсон одоогийн нөхцөлд сум, аймгийн зохицуулалттайгаар бэлэн бүтээгдэхүүний шууд солилцооны хэлбэрийг өргөн ашиглаж болох юм. Тухайлбал, килограмм ноосыг 1м даалимбаар сольж авах журмаар бараа гүйлгээний хэлбэрийг зохицуулбал мөнгийг мал орлодог одоогийн бэрхшээлд зохих үр дүнгээ өгөх боломжтой. Энэ аргыг удаан хэрэглэж болохгүй бөгөөд сумын брокерийн чадвар овсгооноос бүх зүйл хамаарна.
Үнэ өртгийн мөнгөн илэрхийлэл биш.
Долоо. Засаг дарга нар чигийг нь заах учиртай.
Монгол Улсын Их Хурлын чуулганаас засаг, захиргааны бүтцийг хуульчлан баталлаа. Үүний дагуу мөн л сонгууль явагдаж засаг дарга нь томилогдоно. Аймаг, сумын хөдөлмөрчид өөрийн засаг даргаа сонгож, томилуулахдаа олон талаас нь бодсон байж таарна. Хэдийгээр аймаг, сумын засаг дарга нь хуучны аймаг, сумдын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга гэдэгтэй утга нэгэн боловч одоогийн цаг үед тэдний үйл ажиллгааны илрэх хэлбэр, үр дүн эрс өөр хэмжигдэхүүнээр хэмжигдэнэ. Өмнө нь тухайн хувь хүн тодорхой бодит үр дүн бүхий ямар ч ажил хийгээгүй атлаа өдөр тутмын аар саар ажилтай зууралдсаар 10-20 жил гүйцэтгэх захиргааны дарга хийсэн ч түүнтэй ямар ч хариуцлага тооцдоггүй, сайндаа л аманцар гэгдэх цөөн хүмүүс хоорондоо “жиг, жуг” гэж байгаад л намждаг байлаа. Тэд ёстой “хурал+захиргаадалт+нэр төр” болж байлаа. Одоо бол тийм байж таарахгүй, харин “зорилго+бодол+үйл ажиллагаа+үр дүн” гэсэн загвараар засаг даргын ажил, нэр хүнд, үр дүн хэмжигдэнэ. Үүнийг Аптайчууд л харж мэдэрч байх болно.
Манай Аптайд тухайн үедээ алдар нэрээ дуурсгасан, хөдөлмөрийн баатар ч болсон, одоогийнхоор бол засаг дарга хэд хэд л бий. Тэдний тухайн үеийн хөдөлмөр үнэтэй байсан ч ёстой засаг дарга байжээ гэж би хэлж зүрх хүрэхгүй. Яагаад гэвэл жинхэнэ засаг даргын алсын хараатай хийсэн ажлын бүтээл цаг үеийн давалгаанд хийсэн арилсан байх ёс байхгүй. Учир иймээс одоогийн засаг дарга та нарыг ажиллах хугацаандаа нутаг орныхоо онцлогт тохирсон үлдэцтэй алсын хараатай цөөн боловч ажил хийхийг л хүсье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
1992 оны аравдугаар сар