Хар хайрцаг нууцыг тайлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Хар хайрцаг нууцыг тайлж чадах уу?

Малайзын агаарын тээврийн 370 дугаар нислэг холбоо тасарч, сураггүй болсноос хойш бараг гурван долоо хоногийн дараа Боинг 777-200 онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэх дүгнэлтийг албаны хүмүүс танилцуулаад байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын эрлийн баг Боинг 777-200 онгоцыг Өмнөд Хятадын тэнгист хайж, цаг хугацаа их алдсан. Үүний гол буруутан нь Малайз, Вьетнамын албаныхны хариуцлагагүй байдал гэгдэж байна. Тэд Бээжинг чиглэн Куала Лумпураас хөөрсөн Боинг 777-200 онгоц чиглэлээ огцом өөрчилж, өөр зүгт ниссэнийг олон хоногийн дараа мэдээлсэн юм. Гэтэл одоо олон улсын албаныхан 370-р нислэг яагаад зорьсон чиглэлээсээ огт өөр газар Энэтхэгийн далайд осолдсоныг тайлбарлаж чадахгүй байна. Үүний нууцыг зөвхөн Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийн хар хайрцаг бичиж авсан байгаа. Гэхдээ сураггүй болсон онгоц үнэхээр Энэтхэгийн далайд живсэн бол хар хайрцгийг нь олно гэдэг “өвсөн дундаас зүү эрэхтэй ижил” юм.

Онгоцны хар хайрцаг нь нисгэгчийн бүхээг доторхи яриа, харилцааг бичигч дуу хураагуур, нислэгийн мэдээллийг цуглуулж, хадгалагч гэсэн хоёр хэсгээс бүрддэг аж. Гэхдээ онгоцны хар хайрцагт олон дутагдал байдаг. Тухайлбал, Боинг 777-200 онгоцонд бэхэлсэн дуу хураагуур нь зөвхөн нислэгийн сүүлийн хоёр цагийн яриаг бичиж авах программтай гэнэ. Гэтэл Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийн хувьд Боинг 777-200 онгоц нислэгийн чиглэлээ огцом өөрчилж Энэтхэгийн далайд осолдсон шалтгааныг тодруулахад нислэгийн сүүлийн хоёр цагаас өмнөх мэдээлэл туйлын чухал байгаа юм.

Мөн хар хайрцагны дуу хураагуур, мэдээлэл хадгалагч тус бүрт устай харилцан үйлчилсэн нөхцөлд дуут дохио илгээгч байдаг байна. Гэхдээ Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоцны хувьд хар хайрцагных нь дуу дохио илгээгч цэнэгээ 30 хоногт барих хүчин чадалтай гэнэ. Мөн дуут дохио илгээгч нь хэдхэн км-ийн радиуст үйлчилдэг бөгөөд соронзон орон бусад цахилгаан хүчний нөлөөнд орвол нэмэргүй болдог байна. Боинг 777-200 онгоцыг хайх эрлийн багийнхны ашиглаж буй “Towed Pinger Locator” нь ердөө 6100 метрийн  гүн дэх дуут дохиог илрүүлэх чадалтай аж.

Үүний зэрэгцээ хар хайрцаг нь хэдэн мянган метр далайн гүнээс хайж олоход дэндүү жижигхэн бас хөвдөггүй эд. Хар хайрцаг нь онгоцны сүүлэнд бэхлэгдсэн байдаг. Энэ нь онгоц эх биеэрээ мөргөж, осолдох үед хар хайрцаг гэмтэхээс сэргийлсэн хэрэг юм. Онгоцны хар хайрцаг нь өндөр даралт, гал зэргийг тэсвэрлэх чадвартайгаар тооцож хийгдсэн тул наанадаж 10 кг жин татдаг байна. Тиймээс онгоцны хар хайрцаг далайд хурдан живж алга болох юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж