Ирэх пүрэв гаригт /III.27/ Олон улсын театрын өдөр тохионо. Энэ өдөр 20.00 цагаас “Black Box” театр Эжен Ионескогийн “Хирснүүд” хэмээх шинэ жүжгийнхээ анхны тоглолтыг хийх юм. Харин тэд анхны тоглолтоо хэвлэл мэдээллийн салбарынханд, тодруулбал сэтгүүлчдэд зориулан үнэ төлбөргүй хийхээр шийджээ. Мэдээллийн салбарт ажиллаж байгаа хэнд ч болов энэ урилга хамаатай юм байна. Тэгээд жүжгийн дараа уран бүтээлчидтэй шинэ бүтээлийн талаар санал бодлоо солилцож, бүтээлч яриа өрнүүлэх боломжийг олгоно.
Харин 29-ний бямба гаригийн 20.00 цагт үзэгчдэд зориулан тоглох гэнэ. Мэдээж тасалбараар.
Дэлхийн театрын түүхэнд сэтгэлгээний шинэ алхмыг хийсэн “Хирснүүд” жүжгийг очиж үзээрэй, сэтгүүлчид ээ. Зарим хүн Black Box театр хаана байдгийг мэдэхгүй байж магад. Олон нийтийн телевизийн чанх урд талд, Эх нялхсын эмнэлгийн яг ард талд дөрвөлжин хар байшин бий шүү.