М.Тэтчерийг хамгаалалтад авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

М.Тэтчерийг хамгаалалтад авлаа

Английн Ерөнхий сайд асан, “Төмөр хатагтай” хэмээх М.Тэтчерийг Скотланд-Ярдын шийдвэрээр хамгаалалтад авч төрөөс хуягласан машинтай болгожээ. Аль эрт өндөр албаа өгч, өдгөө 85 нас сүүдэр зооглоод буй түүний амь насанд халдах оролдлого сүүлийн үед Хойд Ирландын алан хядагчдын зүгээс гарах болсон аж.

Хойд Ирландын Мейз хэмээх шоронд Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчид өлсгөлөн зарласны 30 жилийн ой дөхөж байгаа нь байдлыг ийнхүү хурцатгажээ. “Төмөр хатагтай”-н засаглалын үед болсон энэхүү үйл явдлын үеэр 10 дайчин өлсч  амиа алдсан гэнэ. Тухайн үед М.Тэтчер тэдэнд буулт хийж хэл амаа олохыг хүсээгүйгээр барахгүй “Гэмт хэрэг бол гэмт хэрэг тул яриад байх юмгүй” гэсэн аж.

Өмнө нь ч М.Тэтчер, түүний хамтран зүтгэгчдийн аминд халдах оролдлого хэд хэд гарч, парламентын гишүүн Эйрш Нив, Йэн Гоу нар амь үрэгдэж байжээ. “Төмөр хатагтай” 1984 онд болсон халдлагын үеэр азаар амьд мултарч таван хүн амиа алдаж байсан юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж