
Хэлэлцээрийн үеэр Хятадын юанийн ханшийн өсөлт, АНУ-ын төсвийн алдагдал, болон Хятад дахь хүний эрхийн асуудлыг хөндөх юм байна. Хятадад АНУ-ын худалдааны хэмжээ буурч байгаад санаа зовж буйгаа АНУ-ын Худалдааны зөвлөл илэрхийлсэн юм. АНУ-ын Гадаад харилцааны дэд сайд Майрон Бриллант: “Таван жилийн өмнөхтэй харьцуулахад Хятадад худалдаа арилжаа явуулах улам хэцүү болсон” гэжээ. Хятадад худалдаа эрхэлдэг АНУ-ын пүүс компаниуд зах зээлд байр суурь эзлэхийн тулд өөрсдийн технологио нэвтрүүлэхгүй л бол хаалгаа барихад хүрч буй тухай АНУ-ын Худалдааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Гэри Локе мэдэгджээ. Харин Хятадын тал дээрх мэдэгдлийг эрс няцааж, тус улсын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарлаж байгааг буруутгаж байгаа юм байна. Дэлхийн тэргүүлэх хоёр орны Засгийн газрын төлөөлөгчдийн уг хэлэлцээрийн халуун сэдэв Бээжингээс явуулж буй юанийн бодлого юм.
Хятадын Сангийн дэд сайд АНУ хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран юанийн бодлогын шинэчлэл хийхээ мэдэгдсэн байна. Хятад экспортлогчдыг дэмжихийн тулд юанийн ханшийг зохиомлоор бууруулж буйг АНУ буруутгаж байгаа ажээ.
Хятадын юанийн ханш өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш таван хувиар нэмэгдсэн боловч АНУ-ын эдийн засагчид юанийн ханшийг 15-40 хувиар бууруулсан гэж үзэж байгаа юм байна. Хоёр орны худалдааны хэмжээ зөрүүтэй байгаа учир АНУ-ын хувьд Хятадын юанийн ханш өсөх нь ашигтай ажээ.
Хятад одоогоор АНУ-ын хамгийн том зээлдүүлэгч бөгөөд Вашингтонд Засгийн газрын өрийг чөлөөлж, ам.долларыг чангатгах олон санал оруулсан байна.
АНУ-ын Холбооны Засгийн газрын өрийн хэмжээг 1.4 их наяд ам.доллар гэж тооцоолж байгаа ажээ. Харин АНУ Хятадын хөрөнгө оруулалтаас эмээж эхэлсэн байна. Хэлэлцээр зөвхөн бизнесийн яриа биш гэдэг нь тодорхой болж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятад дахь хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудлыг хөндсөн байна. Гэвч олон жил яригдаж буй дээрх асуудал бодитой үр дүнд хүрэхгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм байна.