Ханбогдын хадны сүг зураг тэсэлгээнд өртөх үү?

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Ханбогдын хадны сүг зураг тэсэлгээнд өртөх үү?

Нидерландын
Засгийн газрын дэмжлэгтэйгээр манай улс аялал жуулчлалын салбараа
хэрхэн хөгжүүлбэл зохистой талаар судалгаа хийлгэжээ. Нидерландчуудын
судалгааны дүнд Монгол Улс унаган байгалийн өнгө төрхөө хадгалж, уугуул
нүүдэлчин заншлаа хадгалж гэмээнэ жуулчдыг татах бөгөөд барилга
байгууламж, тоосго цементэд анхаарлаа хандуулах тусмаа Монгол үнэ цэнээ
алдана гэсэн дүгнэлт гаргасан байх юм.

Уул уурхай, барилга, зам
талбай гэхчилэн эдийн засгийн ашиг, материаллаг байдлыг хөөцөлдөж суух
зуур энэ бүхнээс дутахааргүй үнэ цэнтэй, ирээдүйд  бүр ч үнэд орох эд
өлгийн зүйлс, нүүдэлчин ахуй устан алга болсоор байгааг анзаардаггүйг
хэлсэн нь ганц Нидерландчууд биш. Яг үүнийг батлах мэт үйл явдал
Өмнөговь аймгийн Ханбогд суманд болж байна. Оюутолгойн уурхайгаас 20
км-ийн зайд орших хос бор толгойн хадны сүг зураг хаана ч давтагдашгүй
өвөрмөц. Гэтэл уг сүг зургийг хамгаалах талаар арга хэмжээ авах нь бүү
хэл орон нутгийн удирдлагуудад ч мэдэгдэлгүйгээр тэсэлгээнд бэлтгэн туг
хатгачихаад байгааг Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хэлж
байлаа.  Уул уурхай, зам барилгажилтын улмаас соёлын болоод байгалийн
үнэт өв, археологи, палентлогийн олдворуудыг хөндөхөөр болвол холбогдох
газруудад мэдэгдэж, авран хамгаалах үүрэгтэйг Соёлын өвийн тухай хуульд
заасан байдаг ч биелүүлдэг нь харин ховор байгаагийн ганц жишээ энэ. Тэр
бүү хэл аж ахуйн нэгж байгууллага бүрт “Авран хамгаалах сан” байх
ёстой. Энэхүү санг байгуулсан байсан бол Ханбогдын хадны сүг зураг устаж
үгүй болохдоо тулахгүй байсан билээ. Ер нь Монголын  хаана ямар соёлын
өв байгааг судлах, тэдгээрээс эрсдэлд өртөж болзошгүйг нь тогтоох, авран
хамгаалах ажлыг хийгээгүйгээс хэд хэчнээн эд өлгө устан үгүй болсныг
таашгүй.

Энэ бол өчигдөр хуралдсан Эдийн засгийн чуулганы
“Монголын үнэт зүйл” салбар хуралдааны нэгээхэн хэсэгт өрнөсөн яриа. Ер
нь Монголын үнэт зүйлс өнөөдрийн мөнгө, валют болон хөрвөж буй баялаг
биш, гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч монгол хүн бүрийн мах цусанд
шингэж хэдэн зууныг туулсан үнэт зүйлсийг хэлнэ гэдэгтэй хуралдааны
танхимынхан санал нэгдэж байлаа.

Судалгаагүй уул уурхайд Голланд өвчин нүүрлэдэг

Монголын
Уул уурхайн ассоциацийн  ерөнхийлөгч Д.Дамба “Уул уурхайг мэддэггүй хүн
гэж өнөөдөр нэг ч алга. Хүн бүр ярьж бичиж цэцэрхэж байна. Угтаа бол
уул уурхай чинь шинжлэх ухааны үйлдвэрлэл байх ёстой. Дам яриа, домгийн
шинжтэйгээр уул уурхай хөгжихгүй. Шинжлэх ухааны үндэслэлгүй элдэв
цуурхлаас Голланд өвчин үүдэлтэйг үгүйсгэхгүй. Эрдэс баялгаа эрчимтэй,
зөв зохистойгоор хөгжүүлээд амжилтад хүрсэн олон орон бий. Канад,
Австрали гээд тоочвол зөндөө. Гэтэл монголчуудын ярьдаг нь л ядуу буурай
Африкийн орнууд. Яагаад бид бусдын алдааг давтах ёстой юм. Аливааг
шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэж хөгжүүлэх ёстой бол түүний
тэргүүн эгнээнд уул уурхай байх учиртай” гэсэн хатуу үгийг эдийн засгийн
чуулганы үеэр хэллээ. Эдийн засгийн судлаач н.Пүрэв  “Монгол Улсад
эдийн засаг, зах зээлийн судалгаа байнга дутмаг явж ирсний дээр хөгжлийн
зорилго нь ч намын мөрийн хөтөлбөрөөс хэтрэхгүй” байгааг онцлов.
Өнөөдөр манай улс зөвхөн түүхий эдээр л хөгжиж байгаа бөгөөд
боловсруулалтын эдийн засгийг хөгжүүлэхгүйгээр уруудана уу гэхээс
өгсөхгүй гэдгийг хатуу шүүмжилж байсан.

Өнөөдөр манай улсад
байгаа уул уурхайн чиглэлээр судалгаа шижилгээ Уул уурхайн хүрээлэн,
Геологийн төв лаборатори зэрэг газрууд нь аж ахуйн тооцоогоор
ажилладгаас үр дүнтэй судалгаа хийсэн нь үгүй. Бусад  судалгаануудын
хувьд улстөрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчил орчихсонб айдгийг эрдэмтэд
нуусангүй. Ялангуяа төр засгийн захиалгаар хийж буй судалгаанд эрх
баригч намын захиалга үнэртэж байдаг нь нууц биш.

Хятадын зах
зээл дээр Монголын нүүрс өрсөлдөх чадваргүй гэдэгт бид итгэдэг. Ялангуяа
Австралийн нүүрстэй яагаад ч өрсөлдөхгүй гэж. Гэтэл Австрали улс өргөн
уудам нутаг дэвсгэртэй, нүүрсний уурхай болгон нь далайн эрэгт дээр
байрладаггүйгээс тус улс дотоодын тээвэртээ асар их хөрөнгө зарцуулдгийг
хэн ч тооцдоггүй байх жишээтэй. Хэдийгээр Хятад руу далайгаар хямд тээж
авчирдаг ч орон нутгийн тээврийн зардал нь манайхаас хэд дахин өндөр,
Гашуунсухайтаас Хятадын хил хүргэх замын хэд нугалсан зайнаас нүүрсээ
тээвэрлэдгийг хэн ч бодолцохгүй өөрсдийн бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг
бууруулсаар иржээ. Энэ бол бас л судалгаагүйн балаг. Ингээд тоочвол
судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хөгжил ирэхгүй нь гэсэн
дүгнэлтэд хүрч байгаа юм. Судалгаагүй хөгжил өндрөөс буух газраа
харахгүй үсэрхтэй адил билээ.

Боловсруулах үйлдвэр барих болсон
тухай мэдээг сайд дарга нар баяр хөөр болон мэдээлдэг. Болтлооч цаг
хугацаа хэрэгтэй л дээ. Гэхдээ бариад босгочихлоо гэхэд ажиллах боловсон
хүчин өнөөдөр алга. Уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 10
гаруй их дээд сургууль байгаа ч суралцагчдын олонх нь уул уурхайн
менежментийн ангид суралцдаг байх жишээтэй. Социализмын үед бэлтгэсэн
металлургийн хэдхэн мэргэжилтэн нь үйлдвэр баригдахыг хүлээсээр
мэргэжлээрээ ажиллаж үзэлгүй тэтгэвэртээ суусан байх жишээтэй.  Үйлдвэр
барих нь үнэн л юм бол мэргэжилтнүүдээ бэлтгэдэг цаг нь яг одоо л ирж
байгаа юм биш үү.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж