Эрэл дараагийн шатанд шилжсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Эрэл дараагийн шатанд шилжсэн гэв

Австралийн Ерөнхий сайд Тони Абботт өнөөдөр /III.25/ сураггүй болсон Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоцыг хайх эрлийн ажил нотлох баримтуудыг судлан шинжилж, мөрдөн шалгах, ослын ерөнхий дүр зургийг бүтээх дараагийн шатанд шилжсэнийг мэдэгдлээ. Энэ дагуу Австралийн албаныхан Малайзын талтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцох аж. Түүнчлэн Австралийн Засгийн газар хохирогчдын ар гэрийнхэн тус улсад ирэхийг хүсвэл визний хураамжаас чөлөөлж, хүлээн авахаа мэдэгджээ.

Өмнөх өдөр нь Австралийн албаныхан Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт алга болсон онгоцтой холбоотой байж болзошгүй хоёр хэсэг зүйл илрүүлсэн тухайгаа мэдэгдсэн юм. Энэ нь  саарал, эсвэл ногоон өнгөтэй, дугуй хэлбэртэй, өөр нэг дөрвөлжин, шаргал өнгөтэй зүйл байсан аж. Үүнээс өмнө нь Хятадын эрлийн багийнхан яг тэр бүсээс онгоцны сэг байж болох зүйл олсноо мэдэгдсэн юм. Тэр бүсэд өчигдөр /III.24/ Австрали, Хятад, АНУ болон Японы 10 онгоц хайгуул хийсэн юм. Гэвч эрлийн явцад  Энэтхэгийн далайн өмнө хэсэгт даваа гаригт /III.24/  хүчтэй салхи, борооны улмаас далайн давалгаа 2-4 метр хүрсэн тул хайгуулын ажлыг түр зогсоожээ. Боинг 777-200 онгоцыг осолдсон гэж дүгнэж буй Энэтхэгийн далайн хэсгийн гүн 3500 м гэнэ.

Үүний зэрэгцээ Австрали, Хятадын эрлийн багийнхны ирүүлсэн мэдээлэлд үндэслэн өчигдөр /III.24/ Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак Малайзын агаарын тээврийн 370-р нислэг Энэтхэгийн далайн өмнө хэсэгт осолдсон гэж дүгнэснээ мэдэгдсэн билээ. Мөн тэрээр Боинг 777-200 онгоц далайд осолдсон гэж үзэж буй тул 227 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж