Монголд цөмийн хаягдал байршуулахаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Монголд цөмийн хаягдал байршуулахаар ярилцжээ

ЦРойтер агентлагийн Токио дахь сурвалжлагчийн мэдээлснээр бол Япон болон АНУ хамтран Монгол улсад цөмийн түлшний хаягдал байршуулах байгууламжийг бий болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар японы өдөр тутмын Майничи сонин дээр гарсан мэдээллээс эх сурвалжийг нь авсан гэнэ.

Японы худалдааны яамны төлөөлөл японы өдөр тутмын сонинд албан ёсоор мэдэгдэхдээ АНУ,Япон болон Монголын төлөөлөгчид энэ оны 3-р сарын 11-д Японд болсон газар хөдлөлтийн өмнөхөн хийсэн уулзалтын үеэр энэ асуудлыг албан бус байдлаар ярилцсан гэж хариулсан байна. Тэгэхдээ цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа ч цөмийн түлшний хаягдлыг хадгалах агуулах барихад хөрөнгө зарцуулах хүсэлгүй байгаа улс орнуудын цөмийн түлшний хаягдлын агуулахыг Монголд барих талаар харилцан санал солилцжээ.

Энэ мэдээллийг өгсөн албаны төлөөлөл хэлэлцэгч талуудад одоогоор тодорхой төлөвлөгөө байхгүй ч хэрэв Монголын тал сонирхвол Японы холбогдох салбарын зүгээс анхаарах болно гэж хэлсэн байна. Майничи сонинд мэдээлснээс үзэхэд хэрэв ийм цөмийн хаягдлын агуулах баригдвал Женерал Электрик, Хитачи болон Тошиба зэрэг АНУ болон Японы томоохон цөмийн түлшний хаягдал “экспортлогчид” хөрөнгө оруулан дэмжих боломжтой бөгөөд ингэснээрээ дээрхи сонирхогч талуудад цөмийн хаягдлыг нь хадгалах санал тавиад байгаа Оросын талтай боломжийн өрсөлдөөн үүсгэх болно гэж найдаж байгаа юм байна.

Тэгэхдээ Японы худалдааны яамны төлөөлөгч өнгөрсөн 2-р сард АНУ,Япон болон Монгол гурван улсын төлөөлөгч нар Монголд цөмийн түлшний хаягдплыг хадгалах талаар төлөвлөгөө боловсруулан баталж гарын үсэг зурсан гэх японы хэвлэлийн мэдээллийг албан ёсоор няцаажээ. Гэвч энэ асуудал нь Японы гадаад хэргийн яамны хүсэлтээр хойшлогдсон бөгөөд японы тал холбогдох яамдын саналыг бүрэн аваагүй тул цаг хугацааг нь хойшлуулахыг хүссэнээс биелэгдээгүй аж.

Харин үүний дараахан өнгөрөгч 3-р сард Японы Фукушимагийн АЦС-ын реактор газар хөдлөлтөөс болж дэлбэрэн осол гарснаас хойш энэ асуудлыг хэлэлцэх талаар шинэ тов тогтоогоогүй байна гэж Японы Худалдааны яамны төлөөлөлгч Майничи сонинд ярилцлага өгсөн гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж