
Улс
төр судлаач Д.Ганхуягийн шударга ёсны талаар авсан нэг жишээ анхаарал
татлаа. “Дээрэмчдийн хоёр бүлэг байжээ. Сүүлдээ хоёулаа нийлж дээрэм
хийгээд олон жил болжээ. Гэтэл нэг бүлэг нь арай илүү давуу байдалтай
болж, тэр давуу талаа ашиглан нөгөө бүлгээ хулгай дээрэм хийсэн хэргээр
шийтгэнэ гэж сүрдүүлэх буюу энэ нь бодитой болж эхэлжээ. Энэ нь шударга
ёс мөн үү ?” гэж асуужээ. Мэдээж энэ бол шударга ёс биш. Ялангуяа улс
төрийн хоёр нам ээлжлэн эрх барьж байгаа манай жишээн дээр хэн нь илүү
шударга болох тухай маргаан, эсвэл “аль нь ч ялгаагүй дээ” гэсэн
үгүйсгэл олон нийтийг аль алинд нь үл итгэх байдал руу хөтөлдөг. Тиймээс
судлаачийн зовнилыг ч бас ойлгож болох юм. Чухам үүнээс зугтахын тулд л
аль алинд нь ижил тэгш, шударга үйлчлэх хууль болон хууль, шүүхийн
байгууллага хэрэгтэй. Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл, эрх зүйн
шинэтгэлийн тухай сэдвийг ч бас энэ хүрээнд харж болно.
Гэвч
шударга ёсыг юугаар хэмжих вэ? Өдөр тутмын амьдралдаа хүмүүсийн зөв
бурууг хэмжих хэмжүүр нь олонхийн санал байдаг. Олонхи нь “ухаантай” л
гэж үзсэн бол бөх, уяач, захын наймаачин байх нь хамаагүй ухаантайд
тооцогдоно. Өлссөн олонхи гараа өргөөд л нэгнийгээ барьж идэх шийдвэр
гаргаж ч болох шүү дээ. Яагаад гэвэл олонхийн шийдвэр үргэлж “зөв”
байдаг учраас. Гэвч энэ шударга ёс мөн гэж үү? Ийм асуулттай бид олонтаа
тулгардаг.
Нэгэн сургамжит өгүүллэгт бялуугаа хувааж чадахгүй
маргалдаж буй хоёр хүүд эмээ нь “Нэг нь хуваагаад нөгөө нь сонго” гэсэн
мэргэн аргыг хэлсэн нь шударга ёсны мөн чанарыг харуулдаг. Энгийнээр
“Өөртөө хүсэхгүй зүйлээ бусдад бүү хүс ээ” л гэсэн үг. Тиймээс шударга
ёс гэдэг нь ердөө тэгш, тэнцвэртэй байх зарчим, хүний тэгш эрхийн
баталгаа болон хуульчлагдсан ёс суртахуун гэж ойлгож болох юм. Энэ тухай
Францын эдийн засагч, нийтлэлч Ф.Бастиа “Хууль бол зохион байгуулалттай
шударга ёс юм” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл төр өөрийн боломж
бололцооноос үүдэн шударга ёсыг хуульчилдаг гэсэн үг. Үүндээ наад захын
элементарны асуудлуудыг ч тусгаж өгдөг. Хуулийн утга нь “Чи эхнэрээ
араар нь тавьж болно оо, өршөөе. Харин хүн алж, хулгай хийж л болохгүй
шүү. Тэгэх юм бол бүгд найрамдахыг чинь уншина шүү” гэдэг. Хэрэв бүх хүн
шударга байсан бол хуулийн хэрэг юусан билээ.
Одоогоос дөрвөн
жилийн өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж СТӨ-нд сонгогчидтой
хийсэн уулзалт дээрээ “Монголд шударга ёсыг авчирна. Ард түмний нурууг
тэнийлгэж, авилгачдын нурууг бөхийлгөнө” гэж амласан билээ. Алга ташиж
хөөрсөн олонхиос гадна “сайхан шүгэлдэж байна даа” хэмээн үл итгэх нэгэн
ч байсан л байлгүй. Гэвч хэлнэ гэдэг хийхийн хагас гэдгийг өнгөрсөн
дөрвөн жил бидэнд харуулсан билээ. 2002 оноос хойш бүтэн арван жил
парламентын гадна хүлээгдсэн хууль зүйн салбар, шүүх эрх мэдлийг
шинэтгэх асуудал түүний дэмжлэгтэйгээр хуульчлагдан баталгаажих эхэлсэн
юм.
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн эрх зүйн шинэтгэлийн анхдагч нь
өнгөрөгч парламентын төгсгөлд батлагдсан Шүүхийн тухай багц хуулиуд.
Хууль, шүүхийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, тогтолцолцооны
асуудлыг зохицуулсан нийт зургаан хуулийг энд багтаасан байдаг. Шударга
ёсны тухай асуудал сөхөгдөх бүрт хамгийн их шүүмжлэлд өртдөг байсан
шүүх, хуулийн байгууллагуудыг шударгаар ажиллах, албан тушаал, хөрөнгө
чинээ, нийгмийн байр сууриас нь үл хамааран иргэн бүртээ тэгш үйлчлэх,
улс төр, эрх мэдлээс ангид, хараат бусаар ажиллах тэр ёс суртахууныг нь
хуульчилж өгсөн хэрэг. Аль нам засгийн эрх барих, хэн гэдэг хүн
Ерөнхийлөгч байх, тэр нь ардчилсан, эсвэл ардчилсан бус үзэлтэй байхаас
үл хамааран шүүх, хуулийн байгууллага нь зөвхөнд хуулинд захирагдаж
ажиллана, төр, иргэн хоёрт ижил тэгш үйлчилнэ гэсэн үг.
Ямар ч
сайн хууль байгаад түүнийг хэрэглэж байгаа хуулийн байгууллагууд нь хэн
нэг эрх мэдэлтэн, өөрийг нь томилсон даргын гар хөл болдог байх юм бол
дээр жишээ татсанчлан “Дээрмийн нэг бүлэг нь нөгөө бүлгээ намнах” зэвсэг
төдий. Нийгмийн шударга ёсны тухай бол яриад ч хэрэггүй. Яг үүн шиг
хичнээн ч сайн тогтолцоо байгаад түүний гартаа барьж, хэргийг шүүж,
буруу зөвийг ялгах ёстой хууль нь шударга бус, хуулийн дор амьдарч
байгаа нийгмийн хэсэг бүлгийг ялгаварласан, нэгийг нь нөгөөгийнх нь
дээр, доор тавьсан байх юм бол дахиад л нийгмийн шударга ёсны тухай ярих
нь утгагүй болно. Үүний хамгийн тод жишээ нь өнөөдөр манайд үйлчилж
байгаа хууль тогтоомж буюу ялын бодлого.
Төрийн албан тушаалтан,
эрхтэн дархтангууд төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь хулгайлсан, бие
биедээ найр тавьж өгсөн, төрийн өмчийг алдаж асгасан байхад ердөө “Албан
тушаалдаа хайнга хандсан”, эсвэл “Урвуулан ашигласан” гэдэг зүйлчлэлээр
хоёрхон, гуравхан жил суугаад гардаг. Гэтэл танилаасаа зээл аваад төлж
чадаагүй, эсвэл амьдрахын эрхэнд 10 мянган төгрөг хулгайлсан эмэгтэй
“давтан хэрэгтэй” гэдэг үндэслэлээр 10-20 жилийн ял авсан жишээ олон.
Эндээс “хуулийн өмнө иргэн бүр тэгш” гэсэн Үндсэн хуулийн зарчим ч
үндсээрээ няцаагдаж байгаа юм. Өмнөх хорин жилд засгийн эрх барьсан
намуудын /намууд гэж зориуд тодотгож байгаа юм шүү, энд аль нэг намын
тухай яриагүй/ нийгэмдээ өвлүүлж үлдээсэн нэг зүйл энэ. Үүнээс болоод
сүүлийн хоёр, гурван жил авилгатай тэмцэл хийсэн хуулийн байгууллагуудын
ажил авилгачдыг өөгшүүлсэн ялын бодлогод цохигдон унаж байна гэхэд
хилсдэхгүй.
Тиймээс ял зэмийг хөрөнгө чинээ, зэрэг дэвэнд нь
тохируулах биш, харин үйлдсэн хэрэг, учирсан хохиролд дүйцүүлж өгдөг
байх нь хууль шударга, тэгш байхын гол үндэс. Тиймээс энэ чиглэл рүү эрх
зүйн шинэтгэлийн хоёр дахь том давалгаа явах ёстой. Тэгж байж нийгэмд
шударга ёс жинхэнэ утгаараа тогтоно. “Шүүх бол ярьдаг хууль, харин хууль
бол ярьдаггүй шүүх” гэдэг нь ийм учиртай. Эсрэгээрээ “Хүч чадалгүй
шударга ёс, шударга бус хүч чадал хоёрын аль аль нь хөнөөлтэй” гэдгийг
Хууль зүйн сайд олонтаа сануулж байсан. Хууль, шүүхийн байгууллагууд нь
ч, тэдгээрийн хэрэглэж байгаа хууль тогтоомжууд нь ч иргэддээ
ялгаварлалгүй, тэгш шударга бай гэсэн үг.
Гэвч аливаа
шинэчлэлт өөрчлөлт өөрөө аяндаа бий болдоггүй. Нийгэм тэр аяараа хүсэн
хүлээж, шаардаж шахаж байлаа ч гэсэн түүнийг гүйцэлдүүлэх хүсэл
эрмэлзэлтэй хувь хүн, улс төрийн лидер урд нь гарч алхах хэрэгтэй
болдог. Тэр нь энэ удаад “Анхны, Ардчилсан Ерөнхийлөгч” гэгдсэн
Ц.Элбэгдорж болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Түүний хувьд үүнээс
өөрөөр байх эрх ч үгүй, тийм цаг хугацаа ч бидэнд байхгүй юм.
