Чансаа тодорхойлох башё эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Чансаа тодорхойлох башё эхэллээ

Японы олон зуун жилийн түүхтэй сумо бөхийн ертөнцийг донсолгож, 25 сумочийг огцруулсан “даваа наймаалцах” хэргийн улмаас Сумогийн холбоо гуравдугаар сард болох байсан хару башёг цуцалж, тавдугаар сарын нацу башёг ч хийхгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Оронд нь долдугаар сард болох башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг гаргах зорилгоор сорилго барилдааныг хийхээр болсон юм. Улмаар сумочдын чансаа тодорхойлох башё өчигдөр эхэллээ. Ямар ч шагнал, бооцоо байхгүй, түрүү бөхөд Эзэн хааны цом гардуулахгүй, дээр нь Кокугикан ордон руу үнэ төлбөргүй нэвтрүүлж байгаа, Японы үндэсний NHK телевиз шууд дамжуулахгүй гээд ач холбогдол багатай энэхүү барилдаанд макүүчи буюу дээд зиндаанд Монголын найман жүдоч зодоглож байна. Харин жюүрёд ердөө 18 бөх барилдаж байгаа, гэхдээ энэ зиндаанд Монголын төлөөлөл байхгүй юм.

Чансаа тодорхойлох башёгийн эхний өдрийн барилдаанд монгол сумочдоос их аварга Хакухо М.Даваажаргал, баруун жигүүрийн маэгаширагийн есөд эрэмбэлэгдсэн Асасэкирюү Б.Дашням нар давж, бусад нь ялагджээ. Их аварга Хакухо ошидаши мэхээр Тоёоношимаг, Асасэкирюү ёрикири мэхээр Вакакоюүг давсан байна. Харин комүсүби Какурюү М.Ананд Болгарын озэки Котоошюд, озэки Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Точиозанд, Тамаваши Б.Мөнх-Оргил Точиношинд, Кёкүтэнхо Н.Цэвэгням Ёшиказэд тус тус өвдөг шорооджээ. Түүнчлэн Шотэнро Д.Нямсүрэн хикиотоши мэхээр Тосаюүтакад, Токитэнкү А.Хүчитбаатар ошитаоши мэхээр Гагамаруд дийлдсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж