
Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа «МО-ЭН-КО» компаниас хийхээр төлөвлөж байгаа төслүүдийн хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлж аймгийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал хамтран ажиллахаар гэрээнд тусгасан байна.
Гэрээг жилийн хугацаатай байгуулж, жил бүрийн нэгдүгээр сард хэрэгжилтийг дүгнэж байх юм.
Компани нь уурхайн өргөн, замын дагуух хөрс ургамал, булаг шанд, гол горхи, ан амьтан хамгаалах ажлыг зохион байгуулж, элс хайрга, чулуу ашигласан газрын гадаргад нөхөн сэргээлт хийх, татвар төлбөр хураамжийг цаг хугацаанд нь төлөх үүрэг хүлээнэ. 12 мега Ваттын дулааны станц байгуулах ажлыг энэ онд багтаан эхлүүлж, нүүрс тээвэрлэлтийн ажлын 30-аас доошгүй хувийг орон нутгийн тээврийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шинээр тавигдах авто замаар орон нутгийн тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй зорчуулж, барилга байгууламжийн ажилд орон нутгийн барилгын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулах зэрэг ажлыг компанийн эрх үүрэгт тусгажээ.
Ховд аймгийн зүгээс төслийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг батлагдсан үнэлгээний дагуу хийж буй эсэхэд хяналт тавьж, ажлын явцад мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагын хяналтыг үе шаттайгаар хийлгэх гэх зэрэг ажлыг зохион байгуулахаар тусгажээ.