Даамын өсвөрийн УАШТ энэ долоо хоногт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Даамын өсвөрийн УАШТ энэ долоо хоногт эхэлнэ

100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба (03.29) гаригт Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эхэлнэ.

Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гаригт (04.02) өндөрлөнө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13
нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож,
аваргуудаа тодруулна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Гацуурт" ХХК ажиллаж байна. Тэмцээний эхний зургаан байранд орсон тамирчид Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээнд, медальт байрт шалгарсан тамирчид Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Тэмцээний
техникийн зөвлөлийн хурал энэ сарын 28-ны 15.00 цагаас МУБИС-ийн
Багшийн сургуулийн хурлын танхимд болно.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mondaam.mn сайтаас аваарай.

Зүүн гар талаас: 2013 оны 100
буудалт даамын өсвөрийн ДАШТ-ий охидын 8-10
насны ангилалын мөнгөн медальт Ганбатын Дүүрэнбилэг.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Монголын
өсвөрийн даамчид тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бөгөөд 100
буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8-10
насны ангилалд Ганбатын Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртсэн. Мөн Монгол
улсад анх удаа болсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд оролцсон 15 настай, спортын дэд мастер М.Одгэрэл
даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаа­гийн аварга Латвийн Зоя
Го­лубеваг хожиж, түүхэн ялалт байгуулсан юм. 

Ч.БОЛОР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж