
2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн IX хороонд дүүргийн ИТХ-ын хурлын нэр дэвшигчдийг сонгох дахин сонгуулийн болсон. МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшсэн Н.Хишигсүрэн нар “Бугасүрэнгийн төлөө саналаа өгөөрэй" хэмээн 20-50 мянган төгрөг тараасан байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд өнгөрсөн долоо хоногт Ц.Бугасүрэнд төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, дөрвөн cap дөрөв хоногийн хорих ял, харин Н.Хишигсүрэнд мөн адил төрийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, дөрвөн сараар хорих ял, мөнгө тараах ажлын гардан гүйцэтгэсэн, туслахууд нь болох Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Т.Гантулга, Ч.Батманлай нарыг сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хасч, гурван cap арав хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гаргаж, цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ хэргийг нь тус хорооны найман иргэн гэрчилсэн. МАХН-аас нэр дэвшсэн Н.Хишигсүрэн мэдүүлэгтээ "Ц.Бугасүрэн надад таны төлөө санал өгсөн 400 хүнийг авчихбал гарах гээд байна гэж байсан" гэжээ. Тэрээр үүнээс гадна нэгэн ноцтой баримтыг хэлсэн нь "Уг хэргийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ц.Одхүү нар захиалж хийлгэсэн. Гишүүн З.Баянсэлэнгэ надад улс төр угаасаа бохир байдаг. Хоёр намын удирдлага дээгүүрээ яриад шийдчихсэн. Чамайг сонгуулийн дараа Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга болгоно. Нэгэнт ялж чадахгүйгээс хойш намд албан тушаал хэрэгтэй байна гэсэн" гэж мэдүүлсэн талаар хэвлэлээр бишгүй гарлаа.
Харин улс төрийн бохир завааныг бишгүй мэдээд байгаа З.Баянсэлэнгийг “УИХ-ын гишүүний тухай мэдүүлсэн нь баримтаар нотлогдоогүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзээд хаасан байх юм. Мөнөөх л юу ч хийж болдог бүрэн эрхээс нь эмээсэн ч байж болох. Ямартай ч хууль ёсоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон учраас санал худалдан авагчид ялаа эдэлж, дараагийнх нь хамгийн олон санал авсан хүнийг дүүргийн ИТХ-д сонгогдсонд тооцох эрх зүйн орчин нь бүрдэж.
Тэгвэл яг үүнтэй адилхан 2012 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгө тараасан хэрэг бий. Орон байрыг нь түрээслэх нэрийдлээр халхавчилж, тухайн гэр бүлийн сонгогчдынх нь тоогоор тус бүрт нь 100-150 мянган төгрөг хавтгайруулан мөнгө тараасныг Тариалан сумын нэр бүхий 13 иргэний мэдүүлэг, ТЕГ-т 1000 гаруй иргэнээс хураан авсан төдий тооны гэрээ, Улаангомын иргэн Б.Цэгээгийн баримт бий. Тэр ч бүү хэл тэдний туслахууд нь жаргалтай нь аргагүй инээчихсэн мөнгө тарааж буй бичлэг ч гарсан.
Худлаа гэвэл, бичлэг нь https://www.youtube.com/watch?v=2FYp0TGVSgQ энэ байна.
Энэ бүхнийг бичигч бээр ч биш шүүхийн эцсийн шийдврээр үүнийг нотлож, иргэн Б.Цэгээд мөнгө тараахыг завсан эсэргүүцэхэд нь хаалгыг нь эвдлүүлэн зугтсан УИХ-ын гишүүд Б.Чойжилсүрэнгийн ангийнх нь хүүхэд болох Н.Ариунтуяа, Ч.Хүрэлбаатарын туслах Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран гээд долоон ч хүнд ял оноосон. Шүүхээс мөнгө тарааж Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэм буруутай нь тогтоогдчихсон учраас хуулийн дагуу мөнгө тараасныг нь баримтаар илчилсэн 13 иргэнд урамшуулал болгон 13 сая төгрөгийг СЕХ гаргаж өгсөн. Хэрэв ТЕГ-т буй баримтыг өгсөн бүх иргэнд мөнгө тараасан луйварчдыг илчилснийх нь хариуд энэ мэт тухайн мөнгийг нь 10 нугалж буцаан олгоно гэвэл нэг тэрбум 107 сая төгрөг хэрэгтэй болно. Асуудлын гол нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгийг тараасан этгээдүүдэд ял өгсөн. Харин санал худалдаж авахаар захиалга, мөнгө өгсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр ямар ч ялгүй сууж байна.
Ц.Бугасүрэн, Н.Хишигсүрэн нарын тараасан мөнгөний хэмжээ хоёр сая 460 мянган төгрөг бол Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарынх тэрбумаар тооцогдоно. Гэтэл тэдний мандатыг хүчингүй болгох ёстой СЕХ нь мөнгө авчихаа юу гэлтэй өнөөдрийг хүртэл ам нээсэнгүй.
Яг ижилхэн хэрэгт хууль өөр өөрөөр үйлчилж байгаагийн захын жишээ энэ. Хуулийн өмнө хэнбугай ч эрх тэгш гэсэн хэрнээ мөнгө тараасан ИТХ-д нэр дэвшигчийг яллаж болдог, УИХ-д дэвшигчийг гишүүнээр баталгаажуулдаг нь ямар учиртай юм бэ. Мөнөөх прокурор алинд нь эрүү үүсгээд хэнд нь үүсгэдэггүй юм бэ гэх асуулт урган гарч байна. Яг л ижилхэн хоёр хэргийн нэгэнд нь эрүү үүсгээд нөгөөд нь үүсгэхгүй байгаа нь царай эсвэл гар хараад байгаа хэрэг үү. Ерөнхий прокурор энэ талаар ярихаар нутаг нугын гээд сонирхлын зөрчилтэй болчихдог хэрэг үү. Хоёр цэхрээрээ сохойгоод сохойгоод сонирхлын зөрчлийн хуулиас тийм заалт үзээгүй дээ, би. Гэтэл бодит байдал ийм л байна. Манайд давтан хулгай хийсэн нөхөрт ялын хэмжээг нь нэмэгдүүлдэг бол давтан мөнгө тарааж сонгогдсон этгээдүүдэд ялаас хөнгөрүүлдэг тогтолцоо үйлчилж байна уу гэлтэй. Үүнийг үгүйсгэе гэхнээ 2008 онд "чихэр авч идээ" гээд мөнгө тарааж явсан нэр дэвшигчийн бичлэг бас л интернэтэд бий л дээ, уг нь.
Хуулийг ижил хэрэгт хоёр өөрөөр ашиглаад байгаа нь цаанаа авлигын асуудал яваад байна гэж ойлгож болох уу? Энд л хамаг учир бий юм биш үү. Эцэст нь, нөгөө иргэдийн сонгох эрх авлигын хаана нь явна гэх асуултыг Ч.Содномцэрэн даргад тавья.
Ядарсан нэгнийг нь яргай ташуураар “ямби цохиж” ял оноогоод, задарсан нэгэнд нь зад загнуулж “Хууль цаазгүй ч болоосой доо” гэж амандаа аялсаар суух уу. Сонгогчид үнэнийг хэлсэнийхээ төлөө нутаг усандаа доромжлуулж, нулимуулж амьдрах болж байна уу. Нөгөө сонгох сонгогдох эрх яалаа.
Янзыг нь олоод ялладаг тогтолцоо гэж байна уу, Монголд?!
Л.НАРАНТӨГС