Сүрьеэгээр өвчлөгсдийн олонх нь хөдөлмөрийн насныхан

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Сүрьеэгээр өвчлөгсдийн олонх нь хөдөлмөрийн насныхан

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтийн хэмжээнд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд сүрьеэтэй тэмцэх өдрийг “Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна. Дэлхийн дээр жил бүр есөн  сая хүн сүрьеэгээр өвддөг ч тэдний гурван сая нь тусламж авч чаддаггүй ажээ. Тиймээс сүрьеэгийн тохиолдол бүрийг илрүүлж, эмчилж, эдгэрүүлэх нь анагаах ухааны салбарынхны өмнө тулгамдсан зорилт төдийгүй иргэн бүр мэдэж байх ёстой зүйл гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээрх уриалгыг гаргажээ.

Хүн төрөлхтөн энэ өвчнийг мэддэг болсоор хоёр мянган жил болсон гэдэг ч сүрьеэгээр өвдсөн хүн бүр тусламж авч чадахгүй өвчнөө хүндрүүлж байгаа нь уг өвчний шинж тэмдэг, өвчний талаар ойлголтгүй байдагтай холбоотой ажээ. Нэгэн үе монголчууд сүрьеэ өвчнийг нийгмийн халдварт өвчин хэмээн нэрлэж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байсан. Сүрьеэ агаар дуслын замаар халддагаас болж, уг өвчнөөр өвчлөгсдийг гадуурхах, тэднээс цээрлэх байдал ч нийгэмд түгээмэл байв. Үүнээс болж сүрьеэгээр өвдсөн хүмүүс эмнэлэгт хандахгүй байх, хандсан ч олон шалтгааны улмаас болж оношлогдохгүй байх, оншологдсон ч эмчилгээнд хамрагдахгүй байснаас өвчнөө улам л хүндрүүлэх аюул нүүрлэж байсан юм.

Өнөөдөр ч манай улсад сүрьеэгээр өвдсөн хүмүүс байсаар байна. Тэдгээр хүмүүс нь голчлон нийгмийн амьдралд  хамгийн идэвхтэй оролцдог хөдөлмөрийн насныхан байна гэсэн судалгааг эмч мэргэжилтнүүд гаргажээ. Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 244 хүн сүрьеэгээр өвдсөн ба эдгээрийн 70-75 хувь нь насанд хүрэгчид ажээ. Тэдний 40 хувь нь 25-34 насны залуус байгаа юм. Тэдний 76 хувь нь шинээр өвчлөгсөд бөгөөд 77,1 хувь нь уушгины сүрьеэгээр үлдсэн хувь нь бусад төрлийн сүрвеэ өвчнөөр өвджээ. Уг өвчнөөр жирэмсэн эхчүүд өвчлөх эрсдэл хоёр дахин өндөр байдаг гэнэ. Өнгөрсөн онд тус дүүргийн хэмжээнд 72 эмэгтэй сүрьеэгээр өвдсөний найман хувь нь жирэмсэн эхчүүд байж. Тэдний 85,7 хувь нь амаржиж, 14,3 хувь нь үр хөндүүлсэн гэнэ. Сүрьеэ өвчин нь удаан хугацаанд эмчлэгддэг учир эмэгтэйчүүдийг сүрьеэгээр өвдсөнөөс хойш 2-3 жмл жирэмслэхгүй байхыг зөвлөдөг ажээ.

Гэвч сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин. Гэрийнхнээс нь нэг нь өвдвөл бусдадаа халдварлана гэж эмээх нь ч буруу гэдгийг эмч нар хэлж байна. Тиймээс сүрьеэгээр өвдсөнөө гэм хийсэн мэт сэтгэж эмнэлгээс зугтах хэрэггүй гэж тэд нэмж хэлсэн юм. Сүрьеэгийн халдвар авсан боловч насан туршдаа өвдөхгүй явах тохиолдол ч түгээмэл. Дэлхий дээр 20 сая хүн сүрьеэ өвчтэй байдаг ба 100 хүнд халдварласан ч 10 нь л өвчилдөг гэдгийг жирийн хүмүүст ойлгуулж, энэ өвчнөөс сэргийлэхэд анхаардаг болгож гэмээнэ өвчний тархалт буурах юм. Эл өвчнөөр өвдөхөд нийгэм, байгаль орчны таагүй байдал, хоол хүнсний хангамж муу байх, архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, дархлаа сулрах, стресст өртөх зэрэг хүчин зүйлүүд ч нөлөөлдөг ажээ. Тиймээс бие сулрах, удаан хугацаанд ханиалгах, цэр цустай гарах, хоолны дуршил буурах, богино хугацаанд турж эцэх, шөнөөр хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлэхэд илүүдэхгүй юм байна. Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд өнөөдөр ЭМЯ-ны хурлын “Б” зааланд хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд энэ өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж