Шинэ аваргын талархал

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Шинэ аваргын талархал

Мэргэжлийн сумод 71 дэх ёкозуна төрлөө. Гуравдугаар сарын хару башёд түрүүлэх буюу түрүүлэх хэмжээний өрсөлдөөн үзүүлж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээх тухай Ёкозунагийн зөвлөлийн болзлыг Какурюү төгс биелүүллээ. Өчигдөр өндөрлөсөн хару башёд озэки Какурюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүлж, макүүчи зиндаанд анхны түрүүгээ авав. Аваргыг давж аварга болох замаа зассан түүний анхны түрүү ийнхүү аварга цол дагуулж байна. Одоогоор түүнд албан ёсоор ёкозуна цол олгоогүй байгаа ч албан бусаар тэр хэдийнэ аваргын дайтай үнэлэгдэж, хүндлэгдэж эхэллээ. Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл башё өндөрлөсний дараах өдөр хуралддаг уламжлал ёсоор өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Какурюүд аварга цол олгох тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн мэргэжлийн сумод ёкозуна цолтой барилдаж буй бөхчүүдийн барилдааныг дүгнэж, шинээр ёкозуна цолд хүрэх боломжтой сумочдын талаар санал солилцох учиртай. Цол горилогч Какурюүгийн хувьд Ёкозунагийн зөвлөлөөс тавьсан болзлыг 100 хувь биелүүлсэн тул зөвлөлийн гишүүд шинэ аварга төрүүлэхээс татгалзах шалтгаан үгүй билээ.

Осака хотноо өчигдөр өндөрлөсөн башёгийн дараа Какурюү М.Ананд фейсбүүк хуудсандаа “Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам сайн барилдана аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, талархлаа илэрхийлжээ. Монгол хүний бахархал, омогшлыг сэргээсэн түүний энэ пост хэдийнэ 1000 гаруй “like” цуглуулж, 250 орчим сэтгэгдэлтэй болжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж