Олон улсын хамтарсан эрлийн баг өчигдөр /III.23/ 10 цаг гаруйн хугацаанд Австралийн Перт хотоос 2500 км-ийн зайнд Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хайгуул, самналтын ажлыг гүйцэтгэсэн аж. Гэвч эрлийн ажилд цаг агаарын байдал хүндрэл учруулж буй талаар Австралийн эрлийн багийнхан мэдэгджээ. Олон улсын хамтарсан эрлийн ажил өнөөдөр /III.23/ Энэтхэгийн далайд үргэлжлэн хийгдэж байгаа аж.
Одоогийн байдлаар Австрали, Хятад, Францын сансарын хиймэл дагуулын зурагт илэрсэн зүйлс ижил эсвэл өөр шинэ зүйл үү гэдэг нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ албаныхны үзэж буйгаар гурван улсын хиймэл дагуулын зурагт илэрсэн онгоцны сэг байж болох зүйлс далайн ёроолд живчихээд, удалгүй хөвж гарч ирээд байгаа бололтой. Үүгээр 20 гаруй орны хамтарсан эрлийн баг хиймэл дагуулын зурагт илэрсэн онгоцны сэг байж болзошгүй зүйлсийг олж чадахгүй байгааг тайлбарлаж болох аж.
Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийг үйлдэж явсан “Boeing 777-200ER” онгоц энэ гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарснаар сураггүй болсон билээ.