Монголд тэрс үзэлтнүүд байсан уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Монголд тэрс үзэлтнүүд байсан уу?

1990 оноос өмнөх нийгэм болон хүмүүсийн психологи дүр төрх

Коммунист нам, До Яамны аллага хядлага, тамлан зовоолт, мөрдлөг хавчлага, оюун санааны эрх чөлөөгүй байдал, шүтэн бишрэх эрхийн хязгаарлалт, хувийн өмчийн үгүйсгэл, тунхаг төдий Үндсэн хууль, хуурамчаас хуурамч сонгууль гээд хүний төрөлх эрхэд харшилсан үй түмэн зүйлийг энд ярьж болно. Ямар нэг хэмжээгээр яригдсаар ч ирсэн. Харин Монгол дахь тоталитари, авторитари үзэгдлийн талаар нийгмийн психологийн призмээр авч үзэн, ярьж байсан нь төдий ихгүй тул энэ удаад эл сэдвийг хөндлөө.

Үнэхээр муухай, шударга бус нийгэм байсан бөгөөд харамсалтай нь, ийм байдлыг өөгшүүлэгч нь монголчууд бид өөрсдөө байсан юм шүү. Хувь хүний зан чанараас гадна улс-үндэстний зан чанар гэж нэг юм байдаг аж. Тухайн ард түмэн шударга бус зүйлтэй хэр тэмцэж, зөв гэж үзсэн зүйлийнхээ төлөө яаж тэмцдэг, муу муухай зүйлийг жигшин үзэх мэдрэмжтэй эсэх, хэлсэндээ хүрдэг үү, үгүй юу, өөрийгөө бодохдоо бусдад гай болдог уу гээд?!

Бид ер нь, шударга шүүмжлэлд дургүй, худал магтуулах дуртай, хүчтэйд тал засамтгай үндэстэн. Бүгд л дарга нарт таалагдахыг хичээж, болж өгвөл нүдэнд нь өртөж, анхааралд нь орчих санаатай өмнө хойгуур нь гүйлдэцгээнэ. Удирдагчтай гар барьчихвал, ариуссан гараа хэд хоногоор угаахгүй, сайдтай хэдэн үг сольчихвол баярласандаа долоо хоног унтахгүй. Дарга нарын амнаас санамсаргүй шахам унагаасан үг, өгүүлбэрийн буруу зөвийг тунгаалгүй, хэдэн сараар тоть шиг давтаж эшилцгээнэ. Дарга гэдэг бол бидний хувьд баастай бурхан.

Бид тэр үед удирдагчийнхаа таалалд нийцүүлэхийн тулд юу бодож, хүсэж явдгийг таахыг хичээж, их шаналцгаадаг байв. Зарим үед тэдний төдийгүй, авгай хүүхдийнх нь хүсэл, таашаалыг мэдэж түүнд нь тохируулахыг хичээнэ. Мөн эзнийхээ гутлыг зөөж байхдаа тийм гуталтай болохыг мөрөөдөж, хааяа нүднээс нь далд углаж үзэн таашаал авна. Угаасаа ийм сэтгэхүй, зан чанартай учраас ямар ч нийгэмд энэ л чигээрээ үлддэг юм билээ. Муур хэзээ ч бар болдоггүй, муур, муураараа л үлддэг аж.

Бас дарга нарынхаа сонсохыг хүссэн зүйлийг л хэлдэг байлаа. Тэдэнд маань сонсохыг хүсэхээс гадна сонсохыг хүсдэггүй зүйл бас байсан юм. Тэр нь үнэн. Үнэнийг л хэлчих юм бол уурлаж уцаарлан, өдөж байна гэж үзнэ. Иймд бодит байдлыг ямагт гоёчлон өгүүлэх хэрэгтэй болдог байсан.

Бид ийм байсан учраас дарга нарт долигонодоггүй, тал засдаггүй нэгэндээ үнэхээр дургүй байв. Ганц хоёр шударга хүн байсан юм шүү. Муухай аргаар гутамшигтай амьдарч буйгаа гадарладаг байсан учраас тийм хүмүүсийг хараад өөрсдийн амьдралын хэв маягаас ичдэг байв. Өөрөө, өөрөөсөө ичихэд хүргэж байсан учраас дэргэд нь байх нэг л тавгүй. Тэр нөхөр “сохрын газар сохорч, доголонгийн газар доголохын” оронд шударга байж, зарчимтай амьдарснаараа биднийгээ доош хийдэг байсан юм. Бүгдээрээ адилхан худал ярьж, тал засан, хоосон магтаал урсган амьдарч байвал хэн нь хэнээсээ санаа зовох билээ, гэтэл тэрээр ганцаар үнэнийг хэлж, бидний эгдүүг хүргэнэ. Тэр нөхөр дарга нарын ая эвийг олоод явахын оронд сонсохыг хүсдэггүй зүйлийг (үнэнийг гэсэн үг шүү дээ) хэлж, гэмгүй биднийг хардах сэтгэлийг дарга нарт төрүүлдэг байсан. Хоморгонд бид загнуулж, зарим үед алгадуулах бол энүүхэнд. Тэгэхээр тэр нөхөр нам засагт төдийгүй бидэнд адлагдах зүйлээ өөрөө хийдэг байсан юм.

ТЭГВЭЛ, ИЙМ БАЙДАЛ ӨНӨӨДӨР ӨӨРЧЛӨГДСӨН ГЭЖ ҮҮ? ҮГҮЙ, DEMOCRACY нь BUREAUCRACY БОЛСОН НӨХЦӨЛД УЛАМ ГААРСАН. Одоо бид дарга нараас гадна улсын мөнгөөр баяжсан боссуудын өмнө бөхөлзөх ёстой болсон. Тэр босс “нарыг сар, харыг цагаан” гэх юм бол бид мөн л “тийм байна” гэхээс өөр аргагүй. Өмнө нь тонголзох хүний тоо улам олшров. Эрх мэдэл, эд баялаг хоёр бидний тотем. Гүйцээ, ямар замаар ийм болсон, уг этгээд ямаршуу хүн болох зэрэг нь огт хамаагүй. Тийм хүнийг жигшиж, амьдрах аргад нь зэвүүцэх мэдрэмж бидэнд суугаагүй юм чинь. Харин ганц хэлэх дуртай үг маань “Чадаж буй юманд арга байхгүй”.

Бид коммунизмд одоо ч хэрхэн хандаж байна вэ?

Эдүгээ манайх шиг хуучны дарангуйлагчдаа тахичхаад байгаа пост-коммунист орон алга. Германд Хоннэкэрийн, Румынд Чаушескугийн хөшөө байвал хачин юм болно биз дээ. Гэтэл манайд хаа сайгүй дарангуйлагчдын хөшөө дурсгал, нэрэмжит газар. Чойбалсан, Цэдэнбалыг шүтэж, биширдэг хэвээр л байна. Очиж, очиж МУИС-ийн өмнө Монголын түүхэнд хамгийн олон хүнийг хядсан хүний хөшөөг тахичхаад байж байна. Гадны эрдэмтэд инээж байгаад, зураг татдаг. 2002 оны үед ХБНГУ-ын Боннын Их сургуулийн нэгэн төвийн захирал ирээд, учиргүй сонирхож байгаад зургийг нь авч байх үед дэргэд нь байсан би вээр тун эвгүй байдалд орж байв. Ичих ч шиг, эвгүй юм билээ.

Монголчууд бид хариуцлага гэдгийг огт мэддэггүй. Надад л гай болоогүй бол өвөө, эмээгийн ах, дүүг яасан ч байсан яах вэ, үүнээс болоод өнөөгийн экс-коммунистуудтай хариуцлага тооцож, шүүнэ гээд яахав гэсэн бэртэгчин, увайгүй зан гаргана. Ярих болохоороо бүгдийнх нь өвөг дээдэс ямар нэг байдлаар хэлмэгдсэн, хохирсон болдог. Тийм атлаа түүнд хариуцлага тооцохыг хүсдэггүй. Нөгөө л хуншгүй зан нь гарч байгаа нь тэр.

Коммунистуудын үр сад, сүнс, хойд дүр болсноороо бахархдаг хүмүүс Монголд л байна. Германд хүмүүс фашист, нацист байснаасаа ичдэг. Польш, Чех, Германд экс-коммунистууд үргэлж нүүр нь улайж, коммунист намын гишүүн байсныг минь хүмүүс мэдчих вий хэмээн хулмалзаж байдаг. Гэтэл Монголд коммунист байснаасаа ичдэг хүн нэг ч байхгүй. Коммунизм бол фашизмаас дутахааргүй харгис нийгэм, коммунистууд бол фашистууд, зарим тохиолдолд фашистуудаас дор хүмүүс гэдгийг мэддэггүй.

Тэгэхээр хүн төрөлхтний түүхэн дэх лай ланчиг болсон коммунизмаар бахархдаг хачирхалтай үзэгдэл Монголд л байна. Монгол бол экс-коммунистуудын хувьд диваажин. Одоо үүнийг уншиж буй монголчууд гайхаж байгаа, коммунист байснаасаа юунд нь айж, ичдэг юм гэж. Ийм л байна. Монголчууд, коммунизм гэдэг бол үнэхээр жигшим үзэгдэл гэдгийг ухамсарладаггүй (Аль эсвэл нөгөө муухай хуншгүй зангаа гаргаж, “тийм байсан ч яадаг юм” гэж байгаа бол хэлэх ч үг алга. Ийм хүмүүстэй үг солих шаардлагагүй.)

Бид үнэндээ, коммунистуудтай тооцоо бодож, хариуцлага тооцоогүй. Чехүүд шиг “Коммунистуудын гэмт үйлдлийг Мөрдөн шалгах Товчоо” хэмээх байгууллага байгуулах, зарим улс орны адил коммунист намыг хууль бус гэж зарлах ёстой байсан юм. Иргэддээ ийм оюун санаа, ухамсар, мэдрэмж байхгүйг мэддэг Монголын экс-коммунистууд маш сэхүүн загнадаг, сүүлээ хондлой дээрээ хаячхаад, олон түмнийг басамжилсан байдалтай байдаг. Уг нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт “хөөн хэлэлцэх хугацаа” гэж байх ёсгүй. Хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Монголын ард түмэн бид тамлуулж алуулсан, зовж зүдэрсэн өвөг дээдсээ хүндэтгэж байдаг, тэднийгээ болон тэднийг минь зовоосон хүмүүсийг мартаагүй, хариуцлага тооцох ухамсартай шүү гэдгээ харуулах ёстой гэж бодож байна. Тэгээд ч залуу үеийнхэн дотор, ялангуяа АН-ын залуу үеийнхэн дотор (намайг энд, МАН юм уу, МАХН гэж бичих гээд андуурчхаж гэж бодов оо, АН-ын дотор ийм хүмүүс олширч байгаа нь ихээхэн парадокс үзэгдэл шүү) хуншгүй монгол зандаа хөтлөгдсөний улмаас амьдрах арга, оюун санааны дадал зуршлаар коммунистуудтай ижил хүмүүс их гарч ирж байна. Энэ залуучуудын дунд ажил хийж, амьдрах хүсэлтэй нэг ч хүн алга, бүгд л албан тушаалаар амьдрахыг хорхойтогсод. Бүгд л дүр эсгэнэ, угаасаа рефлектив сэтгэлгээгүй учраас дүрдээ амархан итгэнэ. Муусайн бюрократ ардчилагчид!  

Монголчуудын психологи дээр тулгуурласан До Яам буюу “Улаан гестапо”

До Яам (коммунист улсуудад янз бүрийн нэртэй байсан байгууллага л даа) буюу манайхны “ногоон малгайтнууд” хэмээн нэрлэдэг Коммунист намын бууны ноход болсон хүмүүс байлаа. Ёстой нэг “Хүний махан хүнстэнгүүд, хүрэл чулуун зүрхтэнгүүд”. Гадны судлаачид До Яамныхныг “улаан гестапогийнхан” гэдэг юм билээ. Манайхаас бусад экс-коммунист оронд иргэдийн зүгээс хамгийн их жигшил хүлээж ирсэн хүмүүс бол социализмын үед До Яаманд ажиллаж байсан хүмүүс. Олон түмнийг айдас хүйдэст хүлж, хүнийг ёс суртахууны хувьд эвдэж байсан хүмүүс. Тагнадаг, мөрддөг, баривчилдаг, айлгаж ичээдэг, шорон гянданд хаядаг, тамладаг, буудаж алдаг. Ийм учраас Зүүн Европын орнуудын хүн ам, коммунизмын До Яамныханд дургүй байдаг бол манайд эсрэгээрээ тэднээс айж, хүндэтгэх сэтгэлгээ төлөвшсөн. Энд мөн л нөгөө увайгүй зан араншин нь нөлөөлсөн. До Яамныхан ч үүн дээр нь дээр их тоглож ирсэн байдаг.

До Яамныхан тэр үед нийгмийг бүхэлд нь, нэг нь нөгөөгөө тагнадаг систем болгон хувиргасан юм. Бид ч угаасаа хов хутгагч, хоёр нүүр гаргагч, матаачдаар дутаж байгаагүй. 1990 оноос өмнө энэ байдал бүр гаарсан. Матаасаар мэргэжиж, үүнээсээ садист маягаар таашаал авагчид олон байв. Хамгийн олиггүй “мэргэжил” бол хажуудах нөхрөө тагнагч, мэдээлэгч. Жинхэнэ новшнууд. Нэр төрөө боддог хүн хэзээ ч матаач, мэдээлэгчийн ажил хийхгүй. Гэтэл манайд ийм хүмүүс даанч амархан олдсон юм. Монголын нийгэм туршуул, мэдээлэгч, матаач, хов зөөгч, гүтгэгч, тандуул, өдөөн хатгагчдаар дүүрсэн. Бүгд шахуу л нэг, нэгнээ матдаг байсан болохоор өрсөж матах нь “амь гарах” хамгийн сайн арга болж байсан гэдэг. Биеэ үнэлдэг ордны сэхээтнүүд ч олноороо төрсөн. Тэд коммунист намын бууны нохой болж, бусад руугаа дайрч боргох ажлыг голчлон хийнэ. Мөн бусдаас чанга боргож, эзнийхээ анхааралд өртөхийг хичээдэг байж. Ийм аж төрөх ёсыг До Яам нийгэмд хэвшүүлсэн юм. 

Гэтэл, социалист лагерийн хэмээн нэрлэгддэг бусад оронд эрүүлээр сэтгэгчид байсаар иржээ. Тэднийг До Яамныхан 30-аад онд барьж хорин, тамлаж зовоогоод бууддаг байсан бол 60-70-аад онд мөрдөж, мөшгин гэр бүлээр нь хавчин гадуурхаж, психологийн дарамтад оруулан амьдрах аргагүй болгож байв. Эх орноос нь хөөнө, нийгэм даяар жигшүүлэх аян өрнүүлнэ, гэр бүлийн гишүүдийг нь сэтгэл санааны дарамтад оруулна, тусгаарлаж цөлнө, шорон гянданд хорино, зохион байгуулалттай аваар осолд оруулна, хулгайлж сураггүй болгоно, сэтгэцийн өвчтэй хэмээн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хорьж тамлана. Германы нацизмын ярганы газар болох гестапогийнхан энэ талаар коммунистуудаас их зүйл суралцсан юм гэдэг.

Ийм ч учраас 1990-ээд оноос хойш Зүүн Европын пост-коммунист орнуудын иргэд До Яамныхны хийж байсан ажлыг нягт нямбай шалгаж, шийтгэл оноох ёстой хүмүүст зохих шийтгэлийг өгсөн юм. Герман (1953 онд Зүүн Берлинд), Унгар (1956 он), Чехословак (1968 оны хавар Прагад),  Польшид (1956, 1980-аад он) анти-коммунист бослогууд гарлаа. Энэ үед унгарчууд, До Яамныхныг цаанаас тарааж өгдөг байсан шар гутлаар нь таньж, гудамжинд линчийн шүүх маягаар шүүчихдэг байсан гэдэг. 1990 оны I сард берлинчүүд хамгийн түрүүнд коммунист намын (ГНСН-ын) байр руу биш, До Яамны байр руу дайрсан байдаг. Польшид ардчилал ялсны дараа До Яам болон тэдний мэдээлэгчдийг шүүхээр оруулж, үйл ажиллагааг нь маш нягт нямбай мөрдөн, үнэлгээ дүгнэлт өгч, хариуцлага тооцсон юм. Эдгээр оронд До Яамны архивыг ил болгосноор олон түмэн чөлөөтэй орж, уншиж танилцдаг болсон. Ухаалаг, нямбай, хариуцлага тооцдог үндэстнүүд өөрсдөд нь хамгийн халтай байгууллага юу болохыг мэддэг аж.      

Диссидент Чойном

Диссидент үзлийг тэрс үзэл хэмээн орчуулаад хэвшчихэж дээ. Үнэндээ, тэрс үзэлтнүүд бол хамгийн хэвийн бөгөөд эрүүл сэтгэгчид байдаг. Дундад зууны үеийн еретик, коммунизмын үеийн диссидентүүдийг харахад лав тийм байсан. Ийм хэв шинжит сэтгэлгээтэй хүмүүс л хүний мөн чанарт коммунизм харш болохыг олоод харчихдаг байсан учраас хамгийн түрүүнд тэднийг олж устгахыг хичээдэг байж. Гэхдээ тухайн улс-оронд ийм хүн хэр олон байсан нь үндэстний менталитеттэй холбоотой байв.

Р.Чойномыг эс тооцох юм бол Монголд диссидент үзэлтэй хүн байгаагүй юм. Яах вэ, 1920-30-аад онд хойноос орж ирсэн буриад өвгөд хар ухааныхаа хэрээр “диссидент маягийн” юм ярьж байсан байдаг. 1970-аад онд нэгэн буриад эмгэний ярьж байснаас өгүүлэхэд, улаантны хувьсгалаас зугтан, Монголд орж ирсэн тэднийг цэрэг татлага, алба гувчуур, яагаад орж ирсэн тухай байцаалт, нүүж суурьшсан газрыг нь өөрчлөх, буцааж нүүлгэх, эхнээс нь ганц хоёроор баривчлах (тэр үед Онон-Балжийн сав газарт суурьшсан 18-аас дээш насны буриад эрчүүдийг хуу  хамж, хонь гаргах эр хүнгүй болтол нь баривчилсан, нийтийн баривчилгаа арай эхлээгүй байж) зэргээр амар тайван байлгахаа больжээ. Тэгээд нөгөөдүүл яах тухайгаа ярьдаг болж л дээ. Хөгшний ярьж байгаагаар эр-нөхрүүд нь мод хийнэ гээд өглөө уул руу явдаг. Уг нь ууланд мод хийхээр яваад, орой цамц нь хөлсөндөө нэвчиж, ядарсан ч гэсэн инээд хөөртэй ирдэг байсан хүмүүс сүүлийн үед огт тийм байхаа больж, ядарсан шинжгүй, нэг л хүрлийсэн, баргар царайтай юмнууд бууж ирдэг болсон байна. Гэтэл тэд, эхнэр хүүхдээсээ холдон, ууланд очоод: “Одоо яах вэ, улаантнаас зугтаад энд ирсэн чинь, Монголд бас улаантнууд гараад ирлээ. Энэ улаантнууд ажилч хөдөлмөрч, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг хавчиж хяхдаг, өнгөтэй өөдтэйг хуу булаадаг хүмүүс; одоо тэгэхээр яах вэ, буцаад нүүх үү, Манжуур руу гарах уу” гэж ярилцдаг байж. Гэхдээ эдгээр харцуул ухамсартай анти-коммунист биш нь мэдээж. Энэ хэдэн буриад өвгөцүүл бүү хэл, МАХН-ын УТТ бүрэлдхүүнээрээ бууж, ардчилсан хүчний оролцоотой засгийн газар байгуулагдчихаад байсан 1990 оны IV, V сард хүртэл анти-коммунист үзэлтэн байгаагүй. Дашрамд хэлэхэд, 1990 оны ардчилагчид бол анти-коммунист биш, тэр үед Зөвлөлтөд явагдсан өөрчлөн байгуулалтыг дуурайгчид, социализм-коммунизмаа засаж сайжруулахыг хүссэн реформистууд байсан юм. 

1960-аад онд нийгмийн байгууламж, улс төрийн тогтолцоо нэг л биш байгааг ухамсарлаж, ном зохиолоороо илэрхийлэн, түүнийг нь хүмүүс нууцаар гар дамжуулан уншдаг байсан хүн бол яах аргагүй Чойном. Хувийн аж амьдрал, үр хүүхдээ гаргуунд нь гаргачхаад, харанхуй шөнөөр үйлдвэр комбинат руу шогшдог ажилчны тухай болон шорон шиг нийгэмд албадлагын хөдөлмөр эрхлэн амьдарч буй хүний хэцүү бэрх амьдралыг олон шүлэг найрагтаа харуулсан байдаг. Түүний дүгнэлтүүд үнэхээр анти-коммунист шинжтэй, хожим анти-социаль гэж нэрлэгдсэн шүлгүүдэд нь улс төрийн шинж чанартай дүгнэлт их туссан юм.

Бүгд солиорчихсон юм шиг тэр нийгэмд Чойном л ганцаар, эрүүл сэтгэдэг байсан атал бүгд түүнийг “согтуу толгой” гэдэг байв. “Солиотнуудын дунд буй ганц эрүүл хүн галзуугийн эмнэлэгт очиж таардаг” гэдэг л болсон хэрэг. Нийгэм тэр чигээрээ үзэл суртлын дарсанд согтуурчхаад байсан үед Чойном л ганцаар эрүүл байв. Нийгэм даяараа үзэл сурталд ховсдуулчхаад байгааг Чойном мэддэг байсан. Өөртөө хань олдохгүй гэдгийг бараг тааварлаж байсан байх. “Гал морин цаг” энэ тэр гэсэн ганц хоёр юм бичсэн л дээ. Хүн л юм чинь идэж уух, өмсөж зүүх болно, бас хугарч нугарч, цөхөрсөн тал ч бий байх. Гэхдээ энэ мэт бүтээл ямартаа ч сэтгэлийнх нь үг биш болох нь мэдрэгддэг. Энэ бүх байдалдаа гутарч, гуньсан тэрээр хааяа балгах бөгөөд тэгэх тусам амнаас нь үнэн үг гарч өөрт нь балаг тарьж байсан юм. Масс, дундаж иргэнээс арай доогуур сэтгэдгийг (Фройд, Лебон) Чойном мэддэг байсан тул түүнд нь тааруулсан бүтээл ч цөөнгүй бичсэн.

Энэ үед коммунист түшмэдэд ад үзэгдсэн өөр нэг хүн байсан юм. Чойномыг бодвол асар их нөлөөтэй, улс-орны нэгдүгээр дарга хүртэл алсуураа эмээдэг, насаар ахмад, Монголын ард түмэн бүгд мэддэг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн тэр хүн бол Б.Ринчен болой. Үнэндээ, монголчууд буриадуудыг хэзээ ч орос маягаар авгайлдаггүй ч ганц түүнийг “Ринчен Бямбаев” хэмээн гуайлдаг байлаа. Гэхдээ, Ринчен гуай анти-коммунист байсан нь юу л бол. Ухаантай, номын мөр хөөсөн энэ өвгөн эрдэмтэн шулуун шударга, зоригтой хүн байсан учраас долигонуур, бялдууч хүмүүстэй зөрчилдөх нь гарцаагүй байсан, тэр ч ёсоор коммунист-бюрократуудад тэрсэлж, эрх мэдэлтнүүдэд хавчигдан, амьдарсан юм. Хэдийгээр коммунист намд элсээгүй, түүнээсээ болоод их адлагддаг байсан ч ухамсартай анти-коммунист биш байсан.

Тэгэхээр Монголд байсан уу, байсан гэвэл тэр нь Р.Чойном байх.

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж