Т.Мөнхзул сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Т.Мөнхзул сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Польшийн Краков хотноо дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнд дэлхийн 29 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд 350 гаруй шатарчин өрсөлдсөн юм. Харин Монголоос өсвөрийн Ази, дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ тэргүүтэй найман шатарчин эх орноо төлөөлөн оролцсоноос охидын есөн насны ангилалд Т.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр нийт есөн өргийн тоглолтоос зургаа хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсоноор долоон оноотой хоёрдугаар байрт шалгарсан байна. Харин энэ ангилалд Казахстаны шатарчин Ассел Серикбай 8,5 оноогоор тэргүүлжээ.

Тэмцээнд оролцсон Монголын бусад шатарчдын тухайд хөвгүүдийн долоо хүртэлх насны ангилалд Б.Ирмүүнтулга 4,5 оноогоор 12 дугаарт, есөн насны ангилалд О.Чингүүн 6.0 оноогоор есдүгээрт, Н.Отгонбаяр 4.5 оноогоор 21 дүгээрт, 11 хүртэлх насанд Ц.Бат-Эрдэнэ 5.0 оноотой 20 дугаарт тус тус бичигджээ. Харин охидын 11 насны ангилалд өрсөлдсөн Д.Номин-Эрдэнэ 6.0 оноогоор зургадугаарт, 13 насны ангилалд С.Жаргалмаа 4.5 оноотой 17 дугаарт, харин 15 насны ангилалд Г.Сайханзаяа 5.0 оноотой 11 дүгээр байрт тус тус шалгарсан байна.

Сануулахад, А.Энхтуул өнгөрсөн жил Туркийн Кайсерт болсон тэмцээнд охидын 17 насны ангилалд түрүүлж, сурагчдын дэлхийн аварга болж байсан билээ. Ийнхүү Монголын оюун спортынхон шатрын сурагчдын дэлхийн аваргаас алт, мөнгөн медальтантай боллоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж