Алтны үнэ 15, улаан буудайн үнэ 14 хувийн өсөлттэй байна

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Алтны үнэ 15, улаан буудайн үнэ 14 хувийн өсөлттэй байна

"Bloomberg", АНУ, Дебарати Рой (Debarati Roy)

Хеж-сангуудын менежерүүд өнгөрсөн жилийн турш аль болохоор салахаар хичээж байсан алт болон улаан буудайд хандах хандлагаа өөрчилж эхлэв. Украины хямрал даамжирсан нь эдгээр барааны үнийг нэмэгдүүлж тэднийг хандлагадаа зохицуулалт хийхэд хүргэжээ. Албан ёсны статистик харуулж байгаагаар 2012 оны арванхоёрдугаар сараас хойш зах зээлийн тоглогчид алтанд “сэтгэлтэй” болж, улаан буудайн зах зээл дээр арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа нэмэгдэх трэнд ажиглагдаж эхлээд байна.

Крым бүх нийтийн санал асуулгад  бэлтгэж дуусах үеэр шар металлын үнэ зургаан сарын дээд хэмжээндээ хүрэв. Улаан буудайн зах зээлд “бухны”  трэнд үүсч байна.  Хар далайн тэр хойгийн оршин суугчдын 93 хувь нь Украинаас салан Орост нийлэх хүсэлтээ гаргасан байв. Тэр тоон дээр нь Севастополь хотын дүн нэмэгдээгүй байгаа. Украинд эмх замбраагүй байдал газар авч, Европын холбоо одоо улаан буудайн экспортлогч нарын дунд  тавд ордог Оросын эсрэг хориг арга хэмжээ авах талаар ярилцаж байхад даяарчиллын үнэт цаасны үнэлгээ буурч эхлэв. 2013 онд алтыг тоохгүй байсан хөрөнгө оруулагч нар түүнийг асар хурдтайгаар худалдан авч эхэлсэн нь 2007 оноос хойш харагдаагүй үзэгдэл байлаа. Ийм байдал шинжээчдийн анхаарлыг таталгүй яахав. Зах зээлд буурах хандлагыг хэлж байсан Goldman Sachs Group Inc –ийнхэн ч хөдлөв. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид илүү их кофе, сахар, эрдэнэ шиш худалдан авцгааж байна.

“Алтны үнэ дээшиллээ. Учир нь түүнийг эрсдлээс хамгаалах сайн хэрэгсэл гэж үзэж байгаа. Оросын эсрэг эдийн засгийн хориг тавигдвал юу ч болох юм билээ. Энэ бүс нь улаан буудайн томоохон нийлүүлэгч бөгөөд нийлэлт тасарвал үнэнд нөлөөлөх нь мэдээж” хэмээн RBC Global Asset Management (U.S.) Inc. –ийн Чикагогийн салбарын тэргүүн Райан Ларсон ярив.

Алтны үнэ дээшлэв

Өмнөх долоо хоногт Нью-Йоркийн бирж дээр алтны фьючерс гурван хувиар нэмэгдэн унци нь 1379 ам.доллараар, Чикагод улаан буудай 5,1 хувиар тус тус нэмэгдэв. Түүхий эдийн 24 бүтээгдэхүүний Standard&Poor’s GSCI индекс 1,4 хувиар бууран түлш, зэсийн үнэ өмнөх байрлалдаа очлоо. MSCI хувьцааны индекс 2,4 хувиар унасан бол харин Bloomberg Dollar Index 0,3 хувиар буурчээ. Улсын сан хамрагийн бондын индекс Bloomberg 0,7 хувиар  өслөө.

АНУ-ын бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны комиссийн мэдээгээр гуравдугаар сарын 11-ний байдлаар алтны урт цэвэр байрлал 4 хувиар (123007 фьючерс ба опцион) нэмэгдлээ. Богино байрлалын хэмжээ нь 20 хувиар бууран 21073 гэрээтэй болсон байгаа нь өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойших хамгийн бага төвшин болжээ. Долоо хоногийн өмнө улаан буудай цэвэр урт байрлал нь 10515 гэрээ болсон бол богино байрлал нь 6040 гэрээтэй байлаа. Comex бирж дээр алтны  фьючерсийн үнэ 1392,6 доллар хүртэл нэмэгдсэн нь өнгөрсөн жилийн есдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Энэ жилийн хувьд алтны үнийн 15 хувийн өсөлт нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн сулрал, Орос Украинд нэвтэрсэн зэрэг үйл явдлаас улбаатай. Алтны үнийн өсөлтийн буянаар ETF-сангуудын нөөц гурван долоо хоног дараалан нэмэгдсэн байна. Хеж сангуудын урт байрлал нь арванхоёрдугаар сараас хойш гурав дахин нэмэгдээд байна.

Улаан буудайн нийлүүлэлт

Улаан буудайн үнэ 2014 онд 14 хувиар нэмэгдэв. Украины улаан буудайн нийлүүлэлт тасарна гэсэн болгоомжлол нь Аргентин, Канадаас энэ бүтээгдэхүүний нийлүүлэлт удааширсантай давхцаж байна. Орон нутгийн үйлдвэрлэгч нарын холбооны мэдээнээс харвал, эдгээр орнуудын фермерүүд 3,15 тэрбум долларын ашгаа төмөр замын ажиллагааны тасалдлын улмаас алдаж магадгүй. Улаан буудайн томоохон үйлдвэрлэгч АНУ-д  хуурай, хүйтэн цаг агаар нь уриншид муугаар нөлөөлж магадгүй болов. Хэрэв улстөрчид Украины хямралыг нааштай шийдэж чадвал алт ба улаан буудайн үнэ буурна гэж шинжээчид хэлж байгаа.

Томоохон ялагдал

Европт маш ихээр нөөцлөгдсөн байгалийн хий ба улаан буудайн дээд зэргийн хэмжээ, нефтийн хориг тавигдана гэсэн занал зэрэг  хүчин зүйл нь түүхий эдийн барааны үнийг зөөллөж байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил нөөц хангалттай байснаас улаан буудайн үнэ 22 хувиар унасан билээ. Ирэх зургадугаар сард дуусах улиралд нь улаан буудайн үйлдвэрлэл 8,6 хувь хүртэл дээд хэмжээнд тултлаа нэмэгдэнэ гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам дүгнэжээ.

Өнгөрсөн онд алтны үнийн уналт 28 хувь хүрсэн нь Америкийн хувьцаа  дээд амжилтууд тогтоон, инфляци нь хамгийн бага байсан 1981 оноос хойших шар металлын үнийн хамгийн том уналт байлаа. Goldman Sachs банкны төлөөлөгч Жеффри Карри мэдэгдснээр, энэ сард үнэ нь уруудан 2009 оноос хойш анх удаагаа 1000 долларын төвшинд хүрэх магадлал байгаа гэнэ.

Хөрөнгө оруулалтын зоос, гоёл чимэглэл, гулдмай худалдан авах зэрэг хүчин зүйл шар металлын үнийг нэмэгдүүлэхэд  нөлөөлж байсан нь  ард хоцорч эхлэв. Хятадын Алтын холбооны мэдээгээр, энэ улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алтны эрэлт 17 хувиар унаж магадгүй гэлээ. Bloomberg-ийн санал асуулгаар, Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 7,45 хувь заах бөгөөд 1990 оноос эхлээд тэр нь хамгийн бага үзүүлэлт болж байна.

“Геополитикийн байдал хурцадмал биш болонгуут алтны үнэ доошилно. Түүхий эдийн ихэнх барааны эрэлт нь Хятадын эдийн засгийн  хурдын дагуу гарах учраас тэр нь үнэнд нөлөөтэй” хэмээн шинжээчид хэлж байна.

ETF-сангуудад орж буй хөрөнгийн урсгал

Америкийн арилжааны талбарууд дахь 18 барааны нээлттэй  байрлал 5,8 хувиар өсч (1686 мянган гэрээнд хүрлээ) 2006 оны зургадугаар сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүрэв. Гуравдугаар сарын 13 гэхэд хөрөнгө оруулагчид тав хоногийн дотор 386,1 тэрбум долларыг АНУ-д байрладаг ETF-сангуудад оруулсан байна. Алтанд гэхэд л 403 сая доллар орлоо. Үүнтэй зэрэгцээд эрчим хүчний сангуудаас 61,8 сая доллар татагдсан байв.

Түүхий нефтийн урт байрлал 5,3 хувиар бууж 328095 гэрээтэй байв. Өмнөх долоо хоногт нь West Texas Intermediate (WTI) маркийн нефтийн үнэ 3,6 хувиар унасан байв. АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээгээр, тус  орны нефтийн нөөцлөлт нь гуравдугаар сарын 7 гэхэд долоо хоногийн дотор 370 сая баррелиар нэмэгджээ.

Зэсийн цэвэр байрлуулалт 10473 гэрээ хүртэл нэмэгдсэн ба гуравдугаар сарын 12-нд Нью-Йоркийн бирж дээр 44 сарын дээд төвшинг үзүүллээ. Албан ёсны мэдээгээр, Хятадын  аж үйлдвэрлэл оны эхний хоёр сард 8,6 хувиар нэмэгдсэн нь 2009 оноос хойших хамгийн тааруу үзэгдэл ажээ. Comex бирж дээр гуравдугаар сарын 17-нд зэсийн фьючерсүүд нэг фунт нь 2,9465 доллараар арилжаалагдаж байв.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ

Хөдөө аж ахуйн 11 бүтээгдэхүүний нээлттэй байршуулалтын тоо 15% буюу 984138 гэрээтэй байгаа нь сүүлийн гурван жилийн хамгийн дээд үзүүлэлт боллоо гэж СFCT мэдээлэв. Энэ жилийн хоёрдугаар сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 19 сарын дотор хамгийн дээд үзүүлэлтийг заалаа. Хүйтэн, хуурай Америкийн өвөл, Бразилийн хуурай халуу цаг агаар ургацанд нөлөөлнө гэсэн болгоомжлол гаргасан нь үнийн өсөлтөд нөлөөлөв.

“Энд янз бүрийн барааны талаар яригдаж байна. Алт зэргийн барааны үнэнд Орос, Украины хэрэг явдал нөлөөлсөн бол биржийн эдийн засгийн үзүүлэлтэд мэдрэмтгий бараанууд нь Хятадаас ирж буй тасалдангуй мэдээнүүдээс хамааран үний хэлбэлзэлд байх болно” хэмээн Bank Wealth Management санхүүгийн байгууллагын шинжээч Жим Рассель өгүүлж байна.

Эх сурвалж: Speculators See Gold Gaining With Wheat on Ukraine: Commodities

Бэлтгэсэн Ш.МЯГМАРСАМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж