Д.Медведев ахмадуудтай 100 грамм татав

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Д.Медведев ахмадуудтай 100 грамм татав

ОХУ-д өнөөдөр Ялалтын баяр, аугаа “День победы”-г тэмдэглэж байна. Улаанбаатарын цагаар 14.00 цагаас Улаан талбайд Эх орны их дайны ялалтын 66 жилийн ойд зориулсан цэргийн парад эхэлнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев ялалтын ойн “битүүн”-ийг тохиолдуулан өчигдөр ахмад дайчидтай хамт цэргийн хээрийн гал зуухны хоол амталжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний төв музейн хашаанд уг арга хэмжээг зохион байгуулсан аж. Ерөнхийлөгч Д.Медведев хээрийн гал зуухны ширээний ард фронтын ахмад дайчдын төлөөлөгчдийн хамт сууж, дайны цагийн цэргийн норм болох 100 грамм водка татаж гурвалжин будааны кашаар даруулжээ.

 “Ялалт авчирсан та нөхдөд баярлалаа. Хамгийн аугаа баярын мэнд хүргэе” гэж Ерөнхийлөгчийг хэлэхэд ахмадууд хариуд нь гурвантаа ура хашгиран мэндчилжээ.
Д.Медведев гурвалжин будааны каш амттай болсныг магтахад ахмадууд ч далим алдалгүй “Ерөнхийлөгч өө, гурвалжин будаа их үнэтэй байгаа. Нэг килограмм нь 120 рубль болсон шүү дээ” хэмээн юмны үнэ өндөр байгааг сануулаад авсан байна. Ерөнхийлөгч ч бараа үнэтэй байгааг хүлээн зөвшөөрчээ. Мөн ялалтын парадыг жил бүр хийх нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхийлөгч хэлжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж