Санхүү байдал муу, муу хэмээн гаслах хэрнээ монголчууд тансаг хэрэглээнд зарцуулах мөнгө ихтэй байдаг бололтой. Ялангуяа эдийн засгийн хямрал манай баячуудын санхүүг улам аривжуулахад томоохон үүрэг гүйцэтгэж буйг эдийн засагчид ярьдаг. Өөрөөр хэлбэл, инфляцийн өсөлт, үнийн хөөрөгдөл хөрөнгийн ядуугаас нь булаалж, баячуудын халаасанд хийдгээрээ зартай. Тиймээс эдийн засгийн уналтууд заримдаа тэрбумтнуудад эсрэгээрээ буян болдог аж. Тэгэхээр ардаа том бизнестэй Монголын улстөрчдөд инфляцийн өсөлтийн эсрэг нөлөөлөл нь сул, эмзэг бүлгийнхэнд их байгаа учраас магадгүй үнийн хөөрөгдлийг цаашаа харж инээж, наашаа харж уйлсан дүр эсгэдэг биз.
“Доллар өслөө” гэж сошиал ертөнцөөр нэг хашгирч байсан монголчууд тансаг хэрэглээндээ гар татдаггүй, үүнээс болоод төгрөгийн ханш унаж байгааг гадаадын эрдэмтэн хүртэл шүүмжилсэн. Ялангуяа Монголын эдийн засагт баян, ядуугийн ялгаа асар их байгааг, дундаж давхрагынхныг бий болгохгүй бол хэт баян, хэт ядуу хүмүүсийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг Дэлхийн банкнаас сануулдаг.
Үндэсний статистикийн хорооноос улирал болгон хүн амын өрхийн хэрэглээнд тэгш бус байдал хэр их байгааг тооцож гаргадаг. Ингэхдээ хүн амынхаа хэрэглээг тэнцүү таван бүлэгт хувааж, хамгийн ядуу болон чинээлэг хэсгийн хэрэглээний хооронд ямархуу зөрүү байгааг хардаг байна. Тэгвэл хоёрдугаар сарын байдлаар хамгийн бага хэрэглээтэй бүлэг улсын хэмжээний нийт хэрэглээний 7,8 хувийг эзэлж байгаа бол чинээлэг хэсгийнхэн 41,8 хувийг эзэлж байгаа. Эндээс харахад Монголын эдийн засаг чинээлэг хэсгийнхний хөлд чирэгдэж буйг үгүйсгэх аргагүй. Хүн амын чинээлэг хэсгийнхэн болох 30 хувь нь ядуу 20 хувийнхаа хэрэглээнээс 6 дахин өндөр хэрэглээтэй гэсэн дүн гарчээ.
Тэгэхээр Монголын нийгэм дэх хүн амынх нь худалдан авах чадвар ямар ялгаатай болохыг дээрх тоонууд төвөггүйхэн гэрчлэх биз. Өөрөөр хэлбэл, Монголын хүн амын 20 хувь нь “оройныхоо хоолыг арай ядан олж байгаа бол 20 хувь нь газраас тасарсан гэсэн үг. Газраас тасрагчид, газарт амьдрагчид хоёрын дундах дундаж давхрагынхны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь илүү байх тусмаа улс орны хөгжилд таатай боломжийг авчирдаг гэдэг шүү дээ.