Хойд Солонгос 30 пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2014.03.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос 30 пуужин харвав

Хойд Солонгос өнөө өглөө /III.22/ хойгийн зүүн эргээс далай руу богино зайн тусгалын 30 пуужин харважээ. “Ёнхап” агентлагт мэдээлснээр пуужингууд Зөвлөлтийн үеийн “FROG” загварынх аж. Хойд Солонгосын харвасан богино зайн тусгалын пуужингууд эргээс 60 км зайнд далайн усанд унажээ.

Үүнээс зургаан өдрийн өмнө Хойд Солонгос мөн л зүүн эргээс далай руу богино зайн тусгалын 25 пуужин харваж байсан юм.

Өмнөд Солонгосын албаныхан Хойдын зүгээс нэг сарын дотор удаа дараа олон пуужин харвасан үйлдэл нь Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн хээрийн сургуулилтын эсрэг “зэвсэгт эсэргүүцэл” гэж мэдэгджээ. Харин Пхеньяний эрх баригчид АНУ, БНСУ хамтран цэргийн сургуулилт явуулж буй дайны бэлтгэл хэмээн үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Хойд Солонгос 2012 онд алсын зайн пуужин амжилттай хөөргөсний дараа гурав дахь удаагийн цөмийн туршилт явуулсан нь дэлхий нийтийг цочроож байсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж