
Магадгүй ээ. Маргааш өглөө болохгүй. Унтаад хэрэггүй. Уйтгарт зүүд дахиад амилна. Уурла. Урдахаасаа ч илүү уурла. Дахиад чамайг тэгэж уурлуулж чадахгүй. Магадгүй маргааш уурлах боломж өгөхгүй. Инээ. Амьд байхад нь инээ. Үхсэн хойно нь ч инээ. Чамайг мэдэхгүй. Уйлаад ч хэрэггүй. Магадгүй ахиад л уйлах хэрэг гарна. Цагийн зүү, гоожуурын усны чимээ. Цонхны цаана хав харанхуй. Өнөө шөнө сар гарахгүй. Сэрээд хэрэггүй, зүгээр л унт. Мэдээгүй юм шиг байсан нь дээр. Улаанбаатарын гудамжаар урдаас минь инээж алхсан чи өнөөдөр л бод. Магадгүй маргааш бодогдохгүй. Бодсон ч хүсэхгүй. Уусан архиныхаа шил шигээ би хагарна. Утаа баагиулан татаж дууссан тамхи шигээ дуусна. Чиний тухай дурсамж харин үлдэнэ. Нар мандана. Өчигдрийн нарантай жаргасан бэрс үүрд үгүй болно. Хүү ч хүү байхаа болино. Зүгээр л унт.
Нүдээ нээнэ, анина, дахиад нээнэ. Нэг гоо үзэсгэлэн, хоёр харц. Магадгүй тэр чиний, миний харц. Чи тэр үед уурлахгүй. Хэн байснаа мэдэхгүй. Магадгүй, хязгааргүй их аз жаргалаар жигүүр хийн огторгуйн алс дайд тийш ниснэ. Хий хоосон агаарт жингүйдэн хөөрнө. Аймшигтай атлаа аз жаргалтай ингэж мансуурна. Гэвч хэзээ ч эдгэхгүй.