
Анхны уулзалтаар бизнес эрхлэгчид Санхүүгийн өршөөлийн тухай хууль санаачлах хүсэлтийг тавьж байсан бөгөөд энэ санал ажил хэрэг болж байгаа эсэхийг тодруулав. Ерөнхий сайдын хариултаар “Саналын дагуу эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай төсөл боловсруулж буй аж. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт Хууль зүй, Эдийн засгийн хөгжил, Сангийн сайд багтжээ.
Бизнес эрхлэгчдийн зүгээс тавьсан хоёр дахь асуудал нь импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрийн төслийн шалгаруулалт ямар шатанд яваа тухай байв. Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Нийт 1151 төсөл ирсэн. Төслийн зорилгод багтаагүйг хасаад 888 төсөл үлдсэн. Санхүүжүүлэх зээлийн нөхцөлийг мөн зарласан. Зээлийн хугацаа 5 жил, эхний жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө, зээлийн хүү 9 хувиас хэтрэхгүй, төгрөгийн зээл олгоно. Арилжааны банкуудаар дамжиж зээл олгогдоно. 888 төсөлд хүссэн зээлийн нийт хэмжээ 4,5 их наяд төгрөг. Засгийн газар, арилжааны банкууд тус бүр нэг их наядыг гаргах бололцоотой гэж төлөвлөж байгаа. Ижил төстэй төсөл олон бий. Ийм төслийн хувьд салбарын яамд нь бодлогоо гаргана. Төслийн талаарх мэдээлэл нээлттэй, Хөгжлийн банкны сайтад тавигдсан” гэсэн хариулт өгсөн юм.

Бизнес эрхлэгчдийн зүгээс анхаарал хандуулсан гурав дахь асуудал нь Оюутолгой төсөл байлаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд экспорт буурсан нь Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд үр дүнгээ өгөхгүй байгаатай холбоотой хэмээн бизнес эрхлэгчид тодотгож байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгой орд ажиллах нь ханган нийлүүлэлтийг нь хариуцаж байгаа компаниуд ажилтай суух бололцоог олгоно. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Дээр нь монгол иргэд ажилтай байна. Гэтэл хоёр талд ойлголцол тааруу байгаагаас уу, эсвэл өөр шалтгаан байна уу Оюутолгой төсөл урагштай мэдээ дуулгахгүй байгаа нь эдийн засагт ч нөлөөлөл үзүүлж буйг энэ үеэр бизнес эрхлэгчид тодотголоо.
Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой төслийн хувьд ужгирсан 30 гаруй асуудал байсан. Үе шаттайгаар шийдвэрлэсээр 5-6 асуудал үлдсэн, яриа хэлэлцээ үргэлжилж, ахиц дэвшилттэй явж байна. Нэмэлт санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх талаар ярьж байна. Дэлхийн эдийн засгийн байдал, ерөнхий чиг хандлага, түүхий эдийн үнийн бууралт зэрэг Монголын Засгийн газраас үл хамааран удаашралтай байгаа. Засгийн газраас хамаарсан зүйл огт байхгүй” гэлээ.
Дөрөв дэх асуудал нь шинээр татвар санаачлах уу, татварын хувь хэмжээг нэмэх үү гэх асуулт байлаа. Сангийн сайд Ч.Улааны хариултаар, Татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд татварыг нэг ч төгрөгөөр нэмэхгүй, шинээр ямар ч татвар гаргахгүй. Гагцхүү хуулийн хүрээнд татвараа тэгш шударгаар төлдөг болгохын төлөө ажиллаж байгаа аж. Харин жижиг дунд үйлдвэрт төлсөн татварынх нь хэмжээгээр дараа жил нь хөрөнгө оруулалт хийх бололцоог эрэлхийлж ажиллаж байгаа юм байна.
Баялаг бүтээгчидтэй хийсэн энэхүү уулзалтад Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар оролцлоо.