
Өнөөдөр Засгийн газар хуралдаанаараа Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох дээрхи журмыг баталлаа. Ингэснээр сумын цагдаа нар 30 сарын үндсэн цалинтайгаа тэнцэх хэмжээний мөнгийг авах боломжтой болж байна. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар аймгийн төвөөс бусад нэг ба хэд хэдэн суманд 2014 оны 01 сарын 01-ний байдлаар 60 буюу түүнээс дээш сараар тасралтгүй ажиллаж байгаа цагдпаагийн албан хаагчид энэ урамшил олгогдоно гэсэн байна. Өөрөөр хэлвэл сүүлийн 5 жил тасралтгүй суманд ажилласан бол цагдаа та урамшил авах нь. Урамшлыг тухайн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл шатлалын дагуу тооцож 30 сар буюу 2,5 жилийн цалинтай нь тэнцэх мөнгөн урамшлыг олгохоор болжээ.
Цагдаагийн албан хаагчдад мөнгөн урамшил олгох ажил хүндрэлгүй зохион байгуулагдах боломжтой. Учир нь мөнгөн урамшлын төсвийг 2014 оны улсын төсөвт тусгасан байна. Үүнд 3,9 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа нийт цагдаагийн алба хаагчдаас 1/3 орчим нь 5 жил буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан байгааг Цагдаагийн ерөнхий газраас хийсэн судалгааны дүн харуулж байна.