
Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо хамтран салбарын инженер, техникийн ажилчдыг бүртгэлжүүлэх ажлыг өнгөрсөн сараас эхлүүлсэн. Бүртгэлийг орон даяар хийж байгаа бөгөөд нийслэлд Барилгын хөгжлийн төв, хөдөө орон нутагт тухайн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт инженер, техникийн ажилчдыг бүртгэж байна. Орон нутагт ажилладаг барилгын инженер, техникийн ажилчдын бүртгэл хангалтгүй, олон компанид харьяалалтай тохиолдол их байгаа учраас ирэх сарын 20-ноос албаныхан орон нутгаар явж бүртгэх ажээ. Ингэхдээ эхний ээлжинд Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар бүртгэл хийх бөгөөд үүнээс гадна барилгын бүсчилсэн давтан болон зэрэг олгох сургалт явуулах юм байна.
Инженер, техникчдийг ийнхүү бүртгэлжүүлэх болсон нь ажилтнууд хариуцсан ажлаа бүрэн дуусгадаггүй, аливаа дутагдал гарсан тохиолдолд эргэн хариуцлага тооцох боломжгүй байдгаас үүдэлтэй ажээ. Энэ байдлыг засч, дараа хүлээлгэх хариуцлага, барилгын ажлын үр дүнг сайжруулахад уг шинэчилсэн бүртгэл ач холбогдолтой талаар албаныхан хэллээ.
Б.МИШЭЭЛ