Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ой, Дэлхийн яруу найрагчдын өдөр, Наурызын баярыг тохиолдуулан буусан шагналын хураар энэ өдөр “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан бол Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц.Хулан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор, “Ханьсахын жаргал” дууны эзэн, хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Д.Цэцэрлэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Н.Төмөрхуяг Гавьяат жүжигчин цол хүртлээ. Түүнчлэн чөлөөт бөхийн ДАШТ-ий хос медальтан Т.Мөнхтуяа Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батбаяр Гавьяат дасгалжуулагч, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Хишгээ Хүний гавьяат эмч цол хүртлээ. Хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлэн одон хүртсэн гавьяатуудаас сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэе.
Гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг:
-Ерөнхийлөгчөөсөө шагнал авлаа, сайхан байна. Урлагт хөл тавиад 20, 30 жил дуулжээ, сайхан байна. Хөдөмөрийн гавьяаны одонг би Ерөнхийлөгчөөсөө гардаж байсан. Ерөнхийлөгч маань намайг “Төмөрөө минь үлгэр жишээ сайхан яваарай” гэсэн. Захиасыг мартахгүй ээ.
Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн:
-Баярлаж байна, сэтгэл сайхан байна. Төр засагтаа түмэн олондоо, төрүүлсэн ээж, аавдаа, эхнэр, хүүхэддээ, та нартаа, дуунд дуртай монголчууддаа бүгдэд нь баярлалаа. Урт насалж удаан жаргаж дуу шиг сайхан амьдраарай дүү нар аа. Би 25 жил дуулж байна, энэ жил манай “Харанга” хамтлагийн ой болно. Монголчууддаа бүгдээрэнд нь хайртай шүү. Шагнал авах болсноо хоёр хоногийн өмнө анх эхнэрээсээ сонссон. Тун сайхан байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан:
-Алс холын замд гарахад тэнгэрээс хур бороо орж, солонго татахад монгол хүн бүр бэлэгшээдэг шиг, шагналд хүн их дуртай байдаг юм байна. Намайг ойлгож дэмжиж сэтгэлээсээ дэмнэж ирсэн эрхэм сайхан уншигч та бүхэндээ их баярлалаа. Яруу найраг, утга зохиол, соёл урлагийн амьдрал тийм амар хялбар биш, маш их баярлалаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг:
-Сэтгэл маш их хөдөлж байна. Хамгийн түрүүнд эжий, аав хоёр маань бодогдож байна. Тэнгэрээс охиныгоо харж байгаа байх. Төрүүлж өсгөсөн эжий, аавдаа, эрдмийн дөрөөнд хүргэсэн багш нартаа, хоёр дахь гэр минь болсон СУИС-ийн хамт олондоо, миний нэгэн биений минь тал болсон шүлэг яруу найргаар намайг үргэлж хөглөж өргөж явдаг ханьдаа, ээжийнхээ уран бүтээлийг ард түмэнд хүргэсэн шиг хүргэдэг дуучин охиндоо, үр хүүхдүүддээ, ач зээ нартаа, намайг дэмжиж явдаг бүх уран бүтээлчиддээ бүгдээрэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн энэ сайхан өдөр төрийн энэ том хайр хүндтгэлийг хүртээсэн Монгол төрдөө, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа. Энэ шагналын цаана маш том хариуцлага байгаа. Цаашид маш чансаатай, чанартай уран бүтээл хийх урам зориг өглөө.
Мөн нутгийнхандаа, би Увс аймгийн Тэс сумын харьяат, Тэс нутгийнхандаа бүх ахан дүүс, найз нөхөддөө бүх монголчууддаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Би бүтээлээ тоолдоггүй ч 100 хол гарсан. Бүтээсэн бүтээлийг минь гал халуун алга ташилтаар дэмжиж байдаг сонсогч түмэндээ үнэхээр их баярлаж байна, баярлалаа.
-ЭНЭШТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Хишигээ:
-Маш их баяртай байна, Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Монголын маань эмэгтэйчүүд, үр хүүхэд, гэр бүлийнхний сэтгэл, хайр шингэсэн бэлэг, төрийн маань буян хишиг гэж хүлээж авч байна. Үнэхээр их баяртай байна. Цаашдаа Ерөнхийлөгчийн хэлсэн та нарт хариуцлага оногдож байгаа шүү гэдэг үгийг дотроо их анхаарч хүлээж авлаа, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллана. Төрүүлж өсгөсөн ээж аавдаа, бүх хүмүүст баярлалаа. Эрүүл мэндийн салбарт 35 жил ажиллажээ.