Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр нэгэн үнэ цэнэтэй хүнд төр хүндэтгэл үзүүллээ. Удаан хүлээсэн ч юм шиг, магадгүй ерөөсөө хүлээж байгаагүй юм шиг мэдрэмж төрөх. Гэхдээ гавьяа шагнал гэдэг бол ард түмнээс тэр хэн нэгэнд үзүүлж буй дээд хүндлэл юм. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн тэр хүндэтгэлийг хүртэх эрэмбэ, зиндаатай дуучин.

Хүн авьяас билгийг тээж төрнө гэдэг, түүнийг өөрөөрөө дамжуулан хүний сэтгэл зүрхэнд хадаж үлдээнэ гэдэг ховор хувь заяа юм. Агуу байхын, үнэн байхын, аялгуу нь тансаг эрхэм байхын хамгийн бодит жишээ бол “Харанга”-ын Лхагваа гэдэгт эргэлзэх шалтгаан алга.

Түүнийг шүүмжилдэг хүмүүс бий. Тэд цөөхүүлээ. “Харанга”-ын Лхагвааг хайрладаг хүмүүс бий. Тэд харин олуулаа. Түүний хайрын дуунд сэтгэлээ дулаацуулж, түүний эх дэлхий, нар, усыг дээдэлсэн дуунаас ухаарал мэдэрч, хүчирхэг, эзэрхэг, худлаагүй хоолойг зүрхний угаас сонсохыг бид хүсэмжилдэг.

Хүн амьдралыг хүчээр захирсан нь үгүй. Тэр бусдын л явдаг замаар явсан. Гэхдээ бусдаас өөр явж ирсэн. Амьдрал нь алган дээр дэлгэсэн юм шиг ил. Алдаа нь нүдэн дээр өрнөх мэт тодорхой байсан. Эрэг нурах шиг эндсэн өдрүүд энэ хүнд байсан нь үнэн. Тэгэхэд ч, тэрнээс бусад ямар ч хүнд цаг үед тэр хэзээ ч аялгуу дуугаа орхиогүй. Рок, поп урлагийн орон зайг энэ эрхэмгүйгээр төсөөлж чадахгүй болтол тэр дуулсан. “Харанга”-ыг домог мэт алдарших үнэлэмжтэй болтол тэр өнөөг хүртэл дуулсаар ирсэн.

“Харанга”-ын, Лхагваагийн дуугаар сэтгэлээ дүүргэж ирсэн олон арван хүмүүс өнөөдөр Чингисийн талбайд ирж, баяраа хуваалцлаа. Рок, попын хамгийн үнэ цэнэтэй, шинэхэн ГАВЬЯАТ-ыг өөрөөс нь илүү догдлон угтлаа. Энэ бүхэн түүнийг бишрэх итгэл, түүний оршиж буй бодит үнэн юм. Хүндлэл хүрэх ёстой эзнээ олох нь эрхэм.

Алдарт “Харанга” хамтлаг 25 настай. Монголын рок поп урлагийн алтан тайзнаа хорин таван жил цуурайтсан Харангын Лхагваа таньд гүн хүндэтгэл илэрхийлье. 

Та бол аялгуу эгшгийн ертөнцөөс хүртэж болох хамгийн эрхэм дээд хүндлэлийг омог бардам эзэгнэх цул авьяас билээ.

Омогшиж байна… Омогшихоос ч аргагүй өдөр байна. 

Б.БАДМАА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж