Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, “Hawai”, “Визард таун” хотхон орчмын оршин суугчид бохирын усан дунд амьдарч байна. Тэр хавийн хүүхдүүд бохирын усан дээр тоглож, томчууд муу усаа туучин гэртээ орсоор дөрвөн жилийг үджээ. Биднийг очиход “Болор сан-Халамжит гэр бүл” төвийнхөн тэр хавьд тогтож, хөлдсөн мөсийг ачуулж таарлаа. Портер машинд тэвш дүүрэн мөс ачаад хөдөлгөж байв. Мөсний зузаан нь бараг арван см харагдана. Тус сан “Визард таун”-ы байрны доод давхарт байдаг юм байна. Тиймээс тус санд хүмүүжиж байгаа хүүхдүүд хамгийн ойрын хохирогчид. Тус төвийн багш нар “Хүүхдүүдээ байранд нь тэр бүр хориод байх хэцүү. Гадаа гарч тоглохоор халдварт өвчин тусах нөхцөл бүрдсэн орчин байдаг. Дулааны улиралд зарим хүүхдийн маань биеэр юм туурах гээд байдаг болохоор амралтаар нь хөдөө салхинд гаргахаас өөр аргагүй. Энэ хавьд халдварт өвчин тархвал ямар хор хохирол учрахыг төсөөлөх арга алга. Тиймээс асуудлыг шийдүүлэхээр сүүлийн дөрвөн жил холбогдох байгууллагуудад бичиг цаас зөөж байна. Гэвч өнөөг хүртэл асуудлыг шийдэж чадаагүй. Жил бүрийн хавар хөлдсөн бохирыг ачуулж, орчноо өөрсдөө цэвэрлэдэг. Тэгсэн хэдий ч байсхийгээд бохир хальж байж суухын аргагүй муухай үнэр гарна. Дулааны улиралд угаадас, шавар шавхайг туучиж алхахаас аргагүй байдаг” гэсэн юм. Ойр хавийн барилгууд дундаас “Визард таун”-ы орон сууц илүү нам газар байдаг юм байна. Тиймээс хальсан бохирын ус яг тэр байрны эргэн тойронд тунаж, өвлийн цагт хөлдөн, дулааны улиралд шавар шавхай болдог гэдгийг тус сангийнхан болон оршин суугчид ярьж байсан. Хүүхдийн тоглоомын талбай нь гэхэд мөсөн коток шиг болжээ. Тус байрны ойролцоо очиход муу усны муухай үнэр ханхийнэ. Цаг дулаарч байгаа болохоор мөс хайлж, шавар шавхайтай хутгалдаад угаадсаа гаднаа асгасан гэр хорооллын гудамж мэт болжээ. Хотын төвийн бүс гэж хэлж болох “Туулын гудамж”-наас элдэв халдварт өвчин тархахгүй гэх баталгаа алга. Хүүхдүүд л хойно тоглоомын талбайдаа тоглоно. Ингэхдээ өвлийн улиралд муу усны хөлдсөн мөсөн дээр гулгаж, дулаан цагт шавар шавхайг нь туучих нь энүүхэнд. Ядаж л агаарт дэгдсэн уурнаас нян бактери дамжих нөхцөл тэнд бүрджээ.
Тиймээс оршин суугчид хүүхдээ аль болох гадаа тоглуулахгүй байхыг хичээдэг гэнэ. Гэхдээ ирж яваа цагт гэртээ хашигдаад суухыг хүсэх хүүхэд гэж хаана байх вэ. Хүүхдүүдээс гадна томчууд байрны хонгилд байх гараашнаас машинаа авахдаа заавал бохир ус туулах шаардлага гарна. Яагаад гэвэл тэр хавийн хоолойгоос хальсан бохир ус гараашид тунажээ. Гараашид орвол бохир усны хоолойгоос үнэртдэг эвгүй үнэр ханхийнэ. Нэг буланд бохирын ус тунасан харагдана. Оршин суугчид шавхаад, шавхаад дийлдэггүй гэдгээ учирласан. Тэр хавийн оршин суугчид хэрэндээ арга хэмжээ авдаг бололтой юм. Бохирын худгаар бохир ус байнга халиад байхаар нь тагийг нь өндөрсгөж засуулсан байна. Тэгсэн хэдий ч бохирын худагт ус тас хөлдсөн байлаа. Мөн бохирын шугамын хоолойг орон сууцны нэгдүгээр давхарт шинээр татуулсан харагдана. Бохир үнэртээд байж суух аргагүй болохоор орон сууцнаас дамжиж гарааш руу орох хаалгыг тагласан гэнэ.
Хан-Уул дүүрэг тэр дундаа Зайсан орчимд амьдрах хүсэлтэй иргэд олон. Энэ эрэлтээс үүдэж тэр хавьд зай завсаргүй олон орон сууц барьсан. Ингэж инженерийн шугам сүлжээний төлөвлөлтгүйгээр барилга байгууламж барихыг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд зөвшөөрснөөс үүдэж оршин суугчид бохирын усан дунд амьдрах эхлэл тавигджээ. Мэргэжлийн хяналтын газар нөхцөл байдлыг үзэж, шалгалт хийгээд “Инженерийн шугам сүлжээний төлөвлөлтгүйгээр барилга, байгууламжууд барихыг зөвшөөрснөөс үүдсэн” гэдэг дүгнэлт гаргасан байна. Уг нь тэр хавьд амины орон сууц барих төлөвлөгөөг Хан-Уул дүүргийн ИТХ 2003 онд гаргасан байдаг. Гэтэл хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг мөрдөлгүйгээр амины орон сууцны газрыг нийтийн орон сууц болгохыг дур мэдэн зөвшөөрсөн үе, үеийн албан тушаалтнууд буруутай гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үзжээ.

Тус хотхонуудын дунд ганц байдаг бохир усны дамжуулан өргөх станцыг “Визард констракшн” компани хариуцан ажилладаг юм байна. Гэхдээ тэр хавьд орон сууц барьж байгаа аж ахуйн нэгжүүд холбогдох дүрэм журмаа мөрдөж, даац хэмжээг нь тооцолгүй хоорондоо дур мэдэн тохиролцож, холболт хийснээс ачааллаа дийлэхээ больжээ. Ингэж олон компаниуд дураараа бохирын станцыг ашиглачихаад засвар үйлчилгээг нь хариуцах эзэнгүй орхиод явчихаж. Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд ашгаа харж оршин суугчдаа оруулаад л алга болдог нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар ил болжээ. Тиймээс тэр олон барилга барих зөвшөөрөл өгсөн төрийн байгууллагын албан тушаалтан, бохирын станцыг хууль бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газар хуулийн байгууллагад хандаад байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дулааны байцаагчдаас энэ талаар тодруулахад “Бохир нь урсгалаараа төвийн шугаманд хүрч чадахгүй учраас зайлшгүй бохир ус өргөх, дамжуулах станц барих шаардлагатай болсон. Станцаа байршуулчихаад ямар ч тооцоо, судалгаагүйгээр тэр хавийн бүх барилгуудыг холбочихсон. Тэр нь ачааллаа дийлэлгүй байн байн эвдэрч иргэдийг бухимдуулдаг. Анхнаасаа хүчин чадлынх нь дагуу зөв зохион байгуулалттайгаар суурилуулчихсан бол одоогийнх шиг асуудал гарахгүй байсан” гэнэ лээ.
Улаанбаатарын төвд бохир нь хальсан эл нөхцөлийн талаар Ус сувгийн удирдах газраас тодрууллаа. 2003 онд баталсан нийслэлийн хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр “Hawai” хотхон барьсан тэр хавийн газарт 1-5 давхар амины орон сууц барих байсан талаар дээр өгүүлсэн. Энэ төлөвлөгөө ёсоор Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл авсан байна. Гэтэл өдгөө энэ төлөвлөгөөг зөрчиж 5-15 давхар 30 орон сууцны барилга сүндэрлэжээ. Тэгсэн атлаа бохир усны насос, станц шугам сүлжээг өргөтгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг литрийн багтаамжтай саванд гурав, дөрвөн литр ус хийх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Дээр нь ганц байгаа станцад нь мэргэжлийн хүн ажилладаггүйгээс насос нь шатаж, бохир ус нь шугамандаа нөөцлөгдөн гадагшаа хальж орчноо бохирдуулдаг талаар Ус сувгийн удирдах газрынхан тайлбарласан. Нэгэнт нөхцөл байдал иймдээ тулаад гурав, дөрвөн жил болж байгаа. Тиймээс Ус сувгийн удирдах газраас удаа дараа арга хэмжээ авч байжээ. Ойрын хугацаанд тэр хавийг цэвэрлэж, орчны худгуудыг тагтай болгох үүргийг харьяа байгууллагууддаа өгсөн аж.

Дундаа нэг бохирын станцтай 30 гаруй барилга тэнд бохироо багтааж чадахгүй ойр орчимдоо урсгаж байна. Ийм байхад нэмээд есөн давхар хоёр орон сууц барьж байлаа. Уг орон сууц энэ зун ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Нөгөө ганц эвдэрхий станцад холбогдоно гэсэн үг. Үе, үеийн дарга нар инженерийн шугам, сүлжээнийхээ хүчин чадлыг тооцолгүй орон сууц барих зөвшөөрөл өгчихсөн. Нэгэнт барьсан орон сууцыг буулгах боломжгүй. Харин бохир усны станц нэмж барих шаардлага тулгарч буй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга гуравдугаар сарын 18-ны өдөр захирамж гаргажээ. Уг захирамжид зааснаар Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бодит байдлыг тогтоож, судлахаар болсон байна. Мөн шаардлагатай тохиолдолд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэгж байгуулах төслийн санал боловсруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
Үүнээс гадна бохир усны шугам барих хөрөнгийг 2015 оны төсөвт тусган хэлэлцүүлэн батлуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаад даалгажээ. Харин одоо байгаа бохир усны өргөлтийн насос станцын засварт шаардагдах хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэхээр болжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"