“Алтайн хүдэр” хүний эрх зөрчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

“Алтайн хүдэр” хүний эрх зөрчиж байна гэв

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” компанийн “Таяннуур” уурхай байгаль орчинд нийтдээ 3,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тогтоогоод байна. Байгаль орчноос гадна нутгийн оршин суугчдын эрүүл орчинд ажиллаж, амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих тохиолдол их гарах болжээ. Өнгөрсөн онд Монголын Хүний эрхийн үндэсний комиссоос хучилттай замаа тавих хүртлээ тээврээ зогсоохыг шаардаж байсан билээ. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам замаа тавиагүй бол тээвэрлэлтийг зогсоон гэж байсан ч “Алтайн хүдэр” компани биелүүлээгүй юм. “Алтайн хүдэр” компанитай холбоотой дээрх асуудлаар  “Оюутолгойн хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сүхгэрэлтэй ярилцлаа. Тэрээр “Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбоо” ТББ-ын хүсэлтээр Говь-Алтай аймаг, Цээл суманд ажиллаад иржээ.

-Та саяхан Говь-Алтай аймгийн Цээл суман дахь “Алтайн хүдэр” компанийн уурхайн нөлөөлөлд өртсөн гэх малчидтай уулзаад ирсэн юм байна. Нөхцөл байдал газар дээрээ ямархуу байна вэ?

-Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбооны хүсэлтээр Говь-Алтай аймгийн Цээл суманд ажиллаад ирлээ. Биднийг очих үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг гарч, Цээл суманд, “Алтайн хүдэр” ХХК-ийн уурхайд ажиллаж байсан. Ажлын хэсэгтэй давхацсан учир бидний хувьд бодит байдлыг харж чадсангүй. Учир нь, аймгийн Засаг даргаар удирдуулсан ажлын хэсэг очих сургаар гурав хоногийн өмнө “Алтайн хүдэр” ХХК үйлдвэрлэлээ  зогсоож, тоосгүйжүүлэлт хийсэн тул тэр их хар тоосыг баримтжуулж чадсангүй. Мөн бүх хогоо цэвэрлээд, тээвэрлэлтээ багасгаад бэлдчихсэн байлаа.

Бид “Алтайн хүдэр” ХХК-ийн уурхай руу ороогүй. Говь-Алтай аймгаас явсан ажлын хэсэгт “Алтайн хүдэр” ХХК зарим баримт, материалаа гаргаж өгөхгүй байсан болохоор хүлээгээд үлдсэн. Бид нөлөөллийн бүсэд амьдарч буй малчидтай уулзаад, санал аваад явсан. Миний хувьд олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын байгаль орчин, хүний эрхийн стандартууд гэсэн чиглэлээр хэрхэн хяналт тавих, зөрчигдөж байвал яаж гомдол гаргах тал дээр зөвлөгөө өгдөг.

“Цээл сумын малчид гомдолтой байна гэнэ. Гомдол гаргах үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг хараад өгөөч” гэсэн Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбооны хүсэлтээр очсон.

-Та малчдын гомдоллоод буй газар дээр нь очиж үзлээ. Малчдад юу гэж зөвлөсөн бэ?

-“Алтайн хүдэр” ХХК Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. 100 сая ам.доллар хүртэлх хөрөнгийг зээлийн хэлбэрээр, 25 сая ам.доллар хүртэлх хувь хүртэл хувь нийлэх байдлаар зээл авсан байдаг. Хувь нийлэх 25 сая хүртэлх нь бас 100 сая ам.доллар өсч болохоор зээлэнд гарын үсэг зурж, санхүүжилт авсан тухай мэдээлэл нь ЕСБХБ-ны цахим хуудсанд байдаг. Тэр утгаараа Европийн сэргээн босголт, хөгжлийн банкны байгаль орчин, хүний эрх, нийгмийн стандартуудыг хангах ёстой. ЕСБХБ зээл өгөхдөө “Танай компани манай банкны ийм, ийм стандартыг хангасан байх ёстой” гэсэн чадавхжуулах ажлыг “Алтайн хүдэр” ХХК-д хийсэн байх ёстой. Дор хаяж, мэдээлэл өгсөн байх ёстой. Энэ ажлыг хийсэн эсэхийг нутгийн захын иргэнээс асуухад мэдэх ёстой. Яагаад гэвэл нутгийн иргэд шууд мэдээллээ аваад “Энэ чинь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны стандартын дагуу бид нартай ажиллаж, санал авах юм байна шүү. Уурхайн орчны өвөлжөө хаваржаанаас нүүлгэхдээ ийм стандарт мөрдөх юм байна шүү” гэдгийг мэдсэн байх ёстой. Гэтэл очоод иргэдээс асуутал гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдгээс цааш огт мэдэхгүй байх жишээтэй. ЕСБХБ, байгаль орчин, нийгэм, нутгийн иргэдийг хамгаалах стандартын талаар огт мэдэхгүй байсан. Тэгээд уурхайн үйл ажиллагаа эхэлсний дараа өвөлжөө, хаваржаагаа өгч, нүүсэн хоёр гурван айлаар орлоо. Гэтэл нөгөө ЕСБХБ-ны наад захын стандарт хэрэгжээгүй байна. Журмаараа бол, зайлшгүй хүмүүсийг нүүлгэх шаардлагатай бол дараагийн өвөлжөө, хаваржаа, буудал бууцыг олж өгөх ёстой. Тухайн буулгасан газар нь нүүсэн иргэдийн эзэмшил болж, гэрчилгээтэй байх ёстой. Мал бэлчээх газартай, ундны, хэрэглээний устай байх ёстой. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс үүдэн нүүсэн айлын амжиргаа дордоогүй байхыг шаарддаг. Нүүдэлснээс үүдэннүүсэн айлын мал нь шинэ газар нутагтаа,бэлчээртээ дасан зохицох хүртэл дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.Өвөлжөө, буудал бууцыг малчидтай яваад үнэлдэг юм. Нөхөн олговрыг харилцан тохиролцож, үнэлдэг юм. Гэтэл малчин айл өрхүүдийн хашаа, буудал бууцыг дээд тал нь таван сая төгрөгөөр худалдаад авчихсан. Тэгээд л нөгөө малчдаа орхичихож. Хаана буудаллах, хаана малаа хариулахыг нь огт бодолцоогүй байх жишээтэй.

Энд нутгийн захиргааны алдаа байна. Нүүсэн айлуудаа хаана буулгах, өвөлжөө буудал бууцыг зааж өгөх ёстой байсан. Гэтэл зааж өгөөгүй байна. Тиймээс малчдыг ЕСБХБ-нд гомдол гаргах үндэслэлтэй байна гэж зөвлөсөн.

-Өнгөрсөн жил Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Говь-Алтай аймгийн Цээл сумын усны нөөцийг судлах даалгавар өгсөн байдаг. Малчид байгалиараа цасаа хайлуулаад уучихдаг байсан. Гэтэл тээврийн зам дагуу нарийн ширхэгтэй тоос их босох болсноор цас хайлуулж уух аргагүйд хүрсэн гэсэн мэдээлэл байсан?

-Цээл сумын малчдын хамгийн хүнд асуудал ус  юм байна. Ямар ч тохиолдолд компани хэрэглээнийхээ усыг малчдын худгаас авах ёсгүй. Цээл сум гол горхи, худаг багатай газар юм. Өмнө нь малчдын малаа усалдаг худгийг “Алтайн хүдэр” ХХК-ийн усны хайгуулынхан ашигласан байна. Худгийг ашиглаж байгаад насос эвдэрмэгц хотоос нэгийг явуулсан байгаа юм. Гэтэл тэр нь таараагүй, худаг нь ажилгүй болчихож. Тэгээд өөрсдөө худаг гаргаж авмагцаа малчдад усаа өгөхөө байчихсан. Цээлд гурван худаг байна лээ. Нэг нь насос нь эвдэрчихсэн. Нэг нь “Алтайн хүдэр” ХХК-ийн ахуйн болон хэрэглээг хангадаг худаг байна. Нөгөө худаг нь өндөрлөг газар байгаа тул усны ундарга нь багасаад ширгэчихэж. Нутгийн иргэд болохоор “Алтайн хүдэр” ХХК-ийн худаг ажилладаг болсноор өндөрлөг газрынх нь ундаргагүй болчихлоо гэж хардаж байгаа юм билээ. Ингээд хоёр худаг нь ажилгүй болсноор малчдын хувьд хүндэрч эхэлсэн нь харагдаж байна билээ. Тиймээс компани хоёр худгийг гаргаж өгөх ёстой. Анхнаас малчдын худгийн усыг ашиглах ёсгүй байсан. Бид малчдын яаралтай усаар хангагдах хүсэлтийг Монгол дахь ЕСБХБ-ны төлөөлөгч М. ЛеБронд гардуулсан. Компанитай даруй холбогдоно гэсэн боловч чухам ямар арга хэмжээ авсныг нь мэдэхгүй байна.

-Цээл сумын иргэдийн ууж буй цасны усыг шинжилгээнд өгсөн гэсэн хариу гарсан болов уу?

-Усыг нь лабораторийн шинжилгээнд өгсөн. Цээл сумын малчид хавартаа ундны усны хэрэгцээгээ цас хайлуулж хангадаг юм билээ. Биднийг очих үеэр хоёр айл яг цасаа хайлуулж байхтай таарсан. Ус нь бор шаргал юм харагдаж байсан.Хар өнгөтэй хувцас зайлахад ус саарал болдог доо. Яг л тиймэрхүү өнгөтэй харагдсан. Цас хайлсан тогоонд нарийн ширхэгтэй хар тунадас үүссэн байсан. Олон давхар шүүлтүүрээр шүүж, ундны усаа хэрэглэдэг юм билээ. Гэсэн ч саарал тунадас арилахгүй байгаа нь харагдсан. Тиймээс бид ундны усыг шинжилгээнд өгсөн байгаа. Хариу хараахан гараагүй бололтой.

-“Алтайн хүдэр” ХХК-ийг байгаль орчинд 3,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагууд бүх зүйл сайн гэсэн дүгнэлт гаргасан байна лээ?

-Бид Говь-Алтай аймагт буцаж ирээд зарим шинжилгээний бичиг баримтыг үзсэн. Малд уушигны үрэвсэл өвчин туссан гэсэн Лабораторийн дүгнэлтүүд зөндөө байна. Гэтэл “Алтайн хүдэр” ХХК-ийн малд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан 2227 тоот дүгнэлт бий гээд байсан. Түүнийг бид хайгаад олоогүй. Бүх зүйл сайн гэсэн бол түүнийг нь баталсан баримт олдоогүй. Лабораторийн дүгнэлт бол малд эмгэгтэй байсныг нотолсон дүгнэлт байсан.

-Та бүхэн айлуудаар явж судалгаа хийсэн гэсэн. Иргэдийн ямар эрх ихээр зөрчигдөж байгааг анзаарав?

-Хүний орон гэртэй байх, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах гээд бүхий л эрх зөрчигдөж байна. Дээр нь бэлчээрийн эрх гэж байна. Хүн эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, амжиргаагаа залгуулах эрхтэй. Энэ амьжиргааных нь хэрэглүүрээс салгаж үл болно гэж заасан байдаг юм. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай конвенциэр хамгаалагдсан бүх эрхийг зөрчиж байна.

Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүртэл хязгаарлагдмал байна. Иргэд айдастай болчихож. Нутгийн иргэдэд айдас дарамтгүй, чөлөөтэй амьдрах эрх байдаг. Зарим нэг хүмүүсийг шүүхэд өгч, залхаах арга хэмжээ авдаг байна. Хууль хяналтын байгууллагууд хэрэг биш байна гэхээр дараагийн шатад өгчихдөг. Ингээд байхаар сүүлдээ хүмүүст айдас төрж эхэлсэн гэнэ.

-Малчдын нийтлэг гомдол нь юу байв?

-Малчид бол шороон замаар төмрийн хүдрээ зөөж байгаад гомдолтой байна. Мөн төмрийн хүдэр зөөх замаасаа гарч, олон салаа зам үүсгээд байгаад дургүйцэж байна. Ингэж гадуур давхиснаас үүдэн наадмынх нь морь уралддаг талбайг сүйтгээд байгааг хэлж байсан. Морь уралддаг газар нь гэхэд тав, зургаан салаа зам үүсгээд газрыг эвдчэхсэн байх жишээтэй. Энэ бол уламжлалт ахуй амьдралаа, соёлын өв сангаа хамгаалуулах, өвлүүлэх эрх зөрчигдөж байгаагийг илрэл.

Гэхдээ хамгийн гол “Алтайн хүдэр” ХХК-ийг жаахан ч гэсэн хүний үнэртэй байгаасай гэдгийг их хэлж байна билээ. Нутгийн ард иргэдтэй боловсон харилцаж, өв соёл, нутаг усыг хүндлээсэй гэж ярьж байсан. Үйл ажиллагааг нь шүүмжилсэн олон хүнийг шүүхэд өгсөн байна. Үүнд л их гомддог юм байна.

-Ярилцсанд баярлалаа.


Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж