
А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээн өгөхөөр өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр тэргүүтэй албаны хүмүүс ГССҮТ-д очсон. Гэсэн ч ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр ажилдаа ирээгүй учир хойшлуулаад байсан юм. Харин Ц.Энхбаяр өчигдөр үдээс хойш ажилдаа очиж, өнөөдөр 11:00 цагаас ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөхөөр болсон байна.
ГССҮТ-ийн даргын албан тушаалын төлөө тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар сонгон шалгаруулалтад орсон. Ингээд сонгон шалгаруулалтын шалгуурыг Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван хангаж, ГССҮТ-ийн даргаар ажиллахаар болсон юм.
ГССҮТ-ийн даргыг сонгон шалгаруулахдаа доктороос дээш цолтой байх гэсэн шалгуур тавьсан. Энэ шалгуурыг тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр хангаагүй учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
НЭМЭЛТ: 14:50 цагт:
ГССҮТ-ийн дарга асан Ц.Энхбаяр 11.00 цагт ажлаа хүлээлгэж өгөхөөр тохирсон боловч өдийг хүртэл ирээгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Өчигдөр мөн тамга, тэмдгээ хүлээлгэж өгөлгүй "зугтсан" тэрбээр өнөөдөр ямар шалтгаанаар ирээгүй нь тодорхойгүй байна.