Сураггүй “Боинг”-ийн талаарх e-мэрэг

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Сураггүй “Боинг”-ийн талаарх e-мэрэг

News.mn сайтын уншигчдад өнөөдрөөс эхлэн “Зөгийн хошин тойм” хүргэж эхлэхээр боллоо. Бүхий л салбарын мэдээллийг “хатгаж”, уншигчдад өвөрмөц өнцгөөр хүргэн бичиглэхийг зорьсон энэхүү булан танд таалагдана гэж найдна.

Зурхайч Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн Ц.Нямдорж биш/ “Зууны мэдээ” сонины амралтын дугаарт, гуравдугаар сарын 14-нд ярилцлага өгөхдөө “Хоёр хоногийн дараа сураг гарч, онгоц олдоно” гэж цагаан дээр хараар, цаасан дээр мөртэй  төлөг буулгасан юм. Огт тоглосон шинжгүйгээр айлдсанаар нь бол гуравдугаар сарын 16-нд Малайзын иргэний агаарын тээврийн, 227 зорчигчтой Боинг-777-200ER онгоцны сэг олдох байв. Онгоц олдох огноо зөрсөн ч буруу оношилсон эмчтэй адил хариуцлага хүлээдэггүй, баталгаат хугацаа олгодоггүй юм. Дэлхийн нийтийн анхаарлыг татсан асуудлаарх монгол таавар оносон бол элдвийг үзүүлж харуулах хүмүүсийн урт дараалал Гандан дотор биш орчимд нь байрласан зурхайн үйлчилгээний цэгийн гадаа үүсэх байв. 

Үндэсний зурхайчид үс засуулах, бэр буулгах, газар хөндөх зэрэг уламжлалт цөөн сэдвүүдээ өргөжүүлэн, орчин үеийн ахуй, мэдээллийн зуунд нийцүүлэн, дотоодын болон олон улсын улс төр, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинэ технологийн асуудлаар төлөг буулгаж инновацид суурилсан, “ухаалаг таавар руу” шилжсээр байна. Манай үндэсний зурхайчдын хөл нь Гандан орчимд боловч хараа нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн халуун цэгүүд, сансар орчлын асуудлуудыг онилж, нано шоо буулгах, smart зоос татах, e-дал шатаах арга технологид шилжин, даяаршлын эринтэй увьдас юугаа нийцүүлж эхэллээ.

Зурхайч бээр олон улсын бусад асуудал, эх орны цаг агаар, дүн нурууг оновчтой мэргэлсэн байна. Жишээлбэл, Украйн улсын ерөнхий нуруу нь гайгүй, хоёр улсын харилцаа мэднэ гэж айлджээ. Украйн, Крымийн талаар зөрчилдөж буй Оросын болоод Барууны эрх баригчид одоог хүртэл Генеральная спина Украйны, General back of Ukrain-ийг бэлгийн нүдээр олж харах, түүнд оюун дүгнэлт хийх чадваргүй. Улсуудын харилцаа чухал биш гэж төөрөгдөж явсан олон хүн “Харилцаа л мэднэ” хэмээх үгийн гүн их утга шим, нугаршгүй үнэнээс ухаарал авлаа. Энэ жилийн цаг агаарын байдлыг үзмэрч нэвт харжээ. “Жилийн дунд үед хур бороо элбэг, хавартаа хавсаргатай, намартаа налгар” байх прогноз гаргасан байна. Жилийн төгсгөлд бороо орох вий, намар хавсаргатай, хавар налайна гэх мэтээр түмэн самууралд автаж явсан мунхаг хүмүүн мэргэн айлдвараас ухаарал авав. Дотоодын улс төрийн хувьд, “Дээрээ хэрүүлтэй, дороо суурь сайтай” байх ажээ. Дээрээ хэрэлдэхгүй байгаа гэж бодож байсан чинь үгүй юм байна. Ард түмэн ч мянга мянган жил төрийн суурь нь болж ирсэн түүхийг мартсанаа санаж сая нэг сэтгэл амирлав.

Үйлчлүүлэгчдийн төлөөх ид шидтэнүүдийн чөлөөт өрсөлдөөн зах зээлийг тодорхойлж, шинэ бүтээгдэхүүнийн нэр төрөл олширсоор байна. Яармагт байрладаг ид шидийн сургалтын төвөөс сонинд зарлал гаргажээ. “Харсан хад чулуугаа алт болгох чадвар суулгана”. Дамжаа хичээллүүлж зовж байхын оронд ядаж ганц Зайсан толгой, Тасганы овоог алт болгон, татварын хувь хэмжээ багассаныг тохиолдуулан Монголбанкинд тушааж, долларын ханшаас айх аюулыг үрийн үрд арилгаж ажаамуу гэсэн хүсэлт талбимуй. Шидтэний гайхамшигт дамжаа 18 настай охидыг 7 хоногийн дотор нисгэж сургахаар амалж буй ч одоогоор тэнд суралцаад, тэнгэрт дүүлсэн бүсгүй байхгүй л байна. Элин халин охид олширвол зорчих маршрутыг нь хэрхэн гаргах, замын цагдаагийн бүрэлдэхүүнд нисдэг тасаг байгуулах, тэдгээрт Карлсоных шиг сэнс яаж суулгах гэх мэт олон асуудал ундран гарна.

www.facebook.com/zugii

twitter.com/ZugiiMn


ЗӨГИЙН ХОШИН ТОЙМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж